ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн Засаг даргын орлогч Т.Эрдэнэбат: 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэг ИХ НАЯД-д хүргэх зорилго тавьж байна

2014-11-23

Увс аймгийн удирдлагууд “Баруун бүсийн хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулган”-д оролцож зэргэлдээ аймаг, хөрш орнууд, олон улсын донор байгууллагуудын өмнө аймгийн өрсөлдөх чадвараа танилцуулаад ирсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Т.Эрдэнэбаттай аймгийн хөгжлийн бодлогын асуудлаар ярилцлаа. 
-Баруун бүсийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцоод ирсэн. Ямар бүрэлдэхүүнтэй оролцов? 
- Баруун бүсийн хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулган Ховд аймагт Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдсан. Манай аймгаас аймгийн ИТХ-ын дарга, хурлын төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, миний бие, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийлсэн 20-иод хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ. Олон улсын чуулган учраас хөрш орнуудын бизнесийн төлөөллүүд, олон улсын донор байгууллагууд оролцсон өргөн хэмжээний чуулган болсон. ОХУ-ын Красноярскийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, Хятадын ШУӨЗО-ны Цонж, Алтай аймгийн төлөөлөл, Азийн хөгжлийн банкны төлөөлөл гээд гадаадын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь баруун бүс нутаг анхаарлын төвд байгаа нь анзаарагдаж байлаа. /зураг-1/ 
- Чуулганы төлөөлөгчдөд манай аймаг ямар танилцуулга хийв, хэрхэн хүлээж авч байна? 
- Чуулганы гол зорилго бол баруун аймгуудад хөрөнгө оруулалтын ямар боломж байгааг танилцуулах, сонирхуулах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг нь татах явдал. Манай аймгийн хувьд аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас санаачлан ерөнхий сайдын зөвлөхүүдтэй хамтран боловсруулсан “Их наяд Увс-2020” судалгааны ажлын үр дүнг танилцуулсан. Уг судалгаа нь Увс аймгийн эдийн засгийн хөгжлийн боломжийг тодорхойлсон, хөгжлийн өнөөгийн байдлын суурь судалгаанд үндэслэсэн бодитой, хэрэгжэхүйц ажил болсныг чуулганд оролцогчид хүлээн зөвшөөрч, онцолж байсан. Ирэх 12-р сар хуралдах аймгийн ИТХ-аар уг судалгааны ажлын хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг эцэслэн батласнаар хэрэгжиж эхлэх юм.


- Их наядын эдийн засагтай аймаг болох суурь судалгаа хийсэн гэж та хэллээ. Энэ талаар дэлгэрүүлвэл? 
- Одоогийн байдлаар манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 205,1 тэрбум төгрөг байна. Үүнийг 2020 гэхэд “НЭГ ИХ НАЯД”-д хүргэх боломжийг судлаж тодорхойлсон судалгааны ажил юм. Нэг их наядын эдийн засгийн хөгжилд хэрхэн хүрэх, ямар салбарт анхаарах, хөрөнгө оруулах вэ? гэдгийг уг хөтөлбөрт тодорхой тусгаж өгсөн. Гэхдээ үүнийг улс төрийн популизм, нийтэд таалагдах гэсэн сэтгэлийн хөөрлөөр бус аймгийнхаа зах зээлийн багтаамж, өрсөлдөх чадвар, өнөөгийн нөхцөл байдал зэргийг мэргэжлийн судалгааны байгууллагаар судлуулж, дэнслүүлж гаргаж ирсэн. Тухайлбал “Мах тарья” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тариа, будаа тарьдаг болохоос, мах яаж тарих вэ? гэж гайхаж, мэтгэх хүн гарч ирэх л байх. Гурван чиглэлийн бодлого барина. Нэгд. Бидэнд баяд үүлдрийн хонь, өлгийн улаан ямаа, тэс хэвшлийн адуу гэсэн нэрд гарсан ашиг шим өндөртэй үржлийн сайн үүлдрийн мал байна. Жилд дунджаар 4000 орчим үржлийн мал бусад аймгуудад нийлүүлж байна. Тэгэхээр эдгээр үржлийн малынхаа чанарыг улам сайжруулж, эдийн засгийн үнэлэмжийг дээшлүүлэх бодлого барина. Хоёрт манай аймаг ОХУ-д жилд 800 гаруй тонн адууны мах нийлүүлдэг. Үүнийхээ хэмжээг нэмэгдүүлнэ. Нэмж хонь үхрийн мах нийлүүлнэ. Одоогийн байдлаар гадаадад мах экспортолдог манай 4 компани хонь, үхрийн мах нийлүүлэх талаар түншүүдтэйгээ хэлэлцээр хийгээд явж байгаа. Мөн дээр нь махны чиглэлийн үхрийн фермер байгуулахыг дэмжинэ. Дараагийн чиглэл бол бид малын тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Увс аймаг 45 мянган га тариалангийн талбайнхаа 12 мянган га орчмыг л ашиглаж байна. Манай газар тариалангийн бодлого юугаар ялгарах вэ гэхээр малын тэжээлийн үйлдвэрлэлээрээ ялгарна. Манай аймаг малын тэжээлээр бүс нутгаа төдийгүй Монгол орныг хангах зорилго тавьж байна. Увс аймаг малын тэжээлийн үйлдвэрлэлийн загвар аймаг болъё.


- Эдийн засгаа өсгөх дараагийн бодлого нь? 
- Чацаргана бол Увсын брэнд. БНХАУ-ын Тайванийн Олон Улсын Чанарын Лабораторид Монгол улсын Увс аймагт ургасан чацаргана хамгийн чанартай, тослог, витаминлаг болохыг тогтоочихлоо. Энэ бол маш том давуу тал. Энэ боломжоо ашиглаад чацарганаар хийдэг бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, цехийн хэмжээнээс гарч, дэвшилтэд технологиор дэлхийн стандартад нийцсэн, олон улсад өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Чацаргана тариалалтаа нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Үүний хүрээнд зургаан жилийн дотор одоо байгаа нэг сая ширхэг модоо 2-3 сая ширхэг болгох зорилт тавьж байна. Мөн БНХАУ-ын Тайванийн талтай хамтран жилд 100 тн-оос багагүй чацаргана боловсруулах 2-3 үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Увс хүнс компани Тайванаас чацаргана боловсруулах үйлдвэрлэлээ оруулж ирээд суурьлуулаад байна. 
Эдийн засгийг хөгжүүлэх дараагийн нэг боломж бол Транзит аймаг болох. Монгол улсын Засгийн газраас Увс аймгийн Боршоогийн боомтыг Олон улсын статустай болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж 2015 оноос төлөвлөгөөт ажлаа эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Мөн ОХУ-ын Холбооны зөвлөлийн 2014 оны 6-р сарын 16-ны тогтоолоор Тува улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх “Кызыл-Хандгайт”-ын чиглэлд Холбооны М-54 зам тавих, ОХУ-ын Үндэсний фондоос “Кызыл-Курагино” төмөр зам тавихаар шийдвэрлэж, цаашдаа Монгол улсын нутаг дэвсгэрээр ШУӨЗО-ны Үрүмчи хоттой холбох төслийн саналаа Монгол, Хятадын холбогдох байгууллагуудад уламжлаад байгаа юм байна лээ. Мөн ОХУ-ын Росграница байгууллагаас Хандгайт боомтыг олон улсын статусаар ажиллуулахаар боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг шинэчлэх асуудлыг шийдвэрлэж 2015 оны эхний хагас жилдээ багтаан гуравдагч орны иргэдийг Боршоо-Хандгайтын боомтоор нэвтрүүлэхээр зорьж байна. 
Монгол улс болон хөрш улсын дээрх бодлого шийдвэр нь Увс аймгийн хувьд газар нутаг, байршлын давуу талаа ашиглан Ази-Европын холбосон худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр авто замын өргөн сүлжээ бүхий транзит аймаг болох нөхцөл бүрдэж байгаа юм. 

2016 он гэхэд Увс аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатар хоттой холбогдчих байх. Хятад улсын талаас Үрүмч, Такашкен боомтууд руугаа зам тавьчихсан. Ховд аймаг, манайх хоёр хатуу хучилттай замтай болох ойрын хоёр жилийн зорилго байна. Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Красноярскийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид зам харилцааны зангилаа болсон танай аймагт худалдааны терминал агуулах барья гэсэн санал тавьсан. Оросоос мод модон материал, гурил нийлүүлье. Увсаас мах авья гэсэн санал тавьсан. Ирэх жилүүдэд энэ ажлууд албан ёсны болж хэрэгжих байх. 
-Зам харилцаа хөгжиж байгаа нь аялал жуулчлалд түлхэц өгөх хөшүүрэг мөн. Гэхдээ жуулчин татах, сэтгэл ханасан үйлчилгээ үзүүлэх талын бодлогын талаар Их наяд хөтөлбөрт туссан уу? 
- “Их наяд Увс-2020” хөтөлбөрийн дөрөв дэх чиглэл, “Хуурай газрын далай Увс, Хяргас нуур” гэсэн хөтөлбөр байгаа. Манай аймагт 2013 оны байдлаар 1500 орчим гадаадын жуулчин, 12 мянга орчим дотоодын жуулчин ирсэн судалгаа байдаг. Баруун аймгуудын тухайд аялал жуулчлалын салбарт өрсөлдөх гэхээсээ илүү хамтарч ажиллах саналыг манай аймаг тавьж байгаа. Баян-Өлгийд ирсэн жуулчин Увсад, Ховдод юу үзэж болох, аялал жуулчлалын ямар боломж байгааг мэдэж болох мэдээллийн нэгдсэн сан, жуулчны баазууд, мэргэжилтнүүдийн уялдаа холбоо нэн чухал байгаа юм. Мэдээж үйлчилгээгээрээ, онцлог байдлаараа, жуулчдын сэтгэлийг хэрхэн татах бодлого, орчин нөхцлөөрөө хоорондоо ялгарч өрсөлдөх нь тодорхой. 
-Хөгжлийн хөтөч бол хүний хөгжил. Хичнээн судалгаатай, зөв бодлого гарсан ч түүнийг хийх, хэрэгжүүлэх хүний нөөц чухал. Энэ талаар? 
-“Их наяд Увс-2020” хөтөлбөрт хүний хөгжлийг орхигдуулаагүй. Их наядын эдийн засагтай болох боломжийг салбар бүрт мэргэжсэн туршлагатай, чадвартай хүн хүчний нөөц л бий болгоно. Тухайлбал хөтөлбөрт Цахилгаан экспортлогч аймаг болох зорилт тавьж байгаа. Баруун гурван аймаг жилд 20.0 тэрбум төгрөгийн цахилгаан ОХУ-аас импортолж байна. Бид энэ мөнгийг дотооддоо үлдээх ёстой. Тиймээс баруун аймгуудын хувьд Цахилгаан станц барих хамгийн боломжтой аймаг бол Увс. Манайд өнөөдрийн байдлаар 1039.2 сая.тн нүүрсний нөөц байна. Энэ нүүрсний басейнаа түшиглээд 60мвт-ын цахилгаан станц барихаар төлөвлөөд ТЭЗҮ хийгдээд байна. Мэдээж дээрх станц баригдана. Тэгэхээр их наядын эдийн засгийн хөгжлийг бий болгохын тулд дээрх салбаруудын хөгжилд уялдуулсан мэргэжилтэн бэлтгэх нь зүй ёсны бодлого болж байгаа юм. Их дээд сургуульд элсэж байгаа залуучууд аймгийнхаа хөгжлийн бодлоготой уялдаж мэргэжлээ сонгох хэрэгтэй гэдгийг хэлье. Дараагийн нэг орхигдуулж болохгүй зүйл нь иргэн бүр эдийн засгийн мэдлэгтэй, өөрт байгаа мөнгөө оновчтой зөв захиран зарцуулдаг болох ёстой. Үүний тулд “Бяцхан санхүүч” дэвтэр боловсруулж сургуулиудынхаа сурагчдад тараасан. Иргэд нь санхүүгийн мэдлэгтэй, өрх гэрийн болон өөрийнхөө орлого зарлагаа зүй зохистой, хэмнэлттэй зарцуулж чаддаг болсоноор өрх гэрээр дамжин орон нутгийн эдийн засгийг өсгөх нэг хөшүүрэг нь болох юм. 11-р сараас “Санхүүч ээж” дэвтрийг нийт өрх гэрийнхээ ээжүүдэд хүргүүлэхээр төлөвлөж, боловсруулж байна. 
- Увс аймаг нэг их наядын эдийн засгийн хөгжилтэй аймаг болохыг ерөөе. Ярилцсанд баярлалаа. 
Баярлалаа.









www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%