ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Их наядын эдийн засагтай аймаг болоход Засаглалыг чадварыг судалж, бодлогын дэмжлэг үзүүлнэ

2014-11-21

 Хөгжиж буй орнуудын засаглалын чадавхийг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлдэг “Тони Блэйрийн сан” Увс аймагт ажиллаж байна. Тус сантай хамтран ажиллах талаар санаачилга гарган ажил хэрэг болгож буй Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэлтэй хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

 

-“Тони Блэйрийн сан” гэж юу хийдэг байгууллага вэ? Монголд хэзээнээс ажиллах болсон бэ? 

- Монгол улсын Засгийн газартай 2012 оноос гэрээ хийн ажиллаж байна. Хамтран ажиллах санаачилгууд, хэлэлцээрүүд өмнө нь С.Батболд сайдын Засгийн газрын үеэс яригдаж. Н.Алтанхуяг сайдын Засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн. Тус сан нь хөгжиж буй орнуудын Засаглалыг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлж ажилладаг. 2012 оноос Засгийн газрын түвшинд хэрэгжиж, ул суурьтай судалгаануудыг хийж, ажил хэрэгч санал зөвлөмжийг гаргаж ирсэн. Тэдгээр нь зарим тохиолдолд хуулийн өөрчлөлт шаардсан зүйлүүд ч байсан. Хоёр жилийн хугацаанд хамтран ажиллахад чадавхитай баг гэдэг нь харагдсан. Тухайлбал Монгол улсын Засгийн газрын бүтцэд дүн шинжилгээ хийж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар тайлангаа 9-р сард танилцуулсан. Харамсалтай нь Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Засаг солигдоход хүрлээ. 

- Олон улсын хэмжээнд ажиллаж, улсын хэмжээний бодлогод зөвлөмж өгдөг том байгууллага орон нутагт, тэр тусам Увс аймгийг сонгоход юу нөлөөлөв? 

- Засаглалын чадавхийг сайжруулах энэ өөрчлөлтөд Засагт асуудал үүсээд хэрэгжүүлэх боломжгүй болсон. Ийм учраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг үнэхээр монголын улс төрийн нөхцөл байдлаас болоод том түвшиндээ үүнийг хийж болохгүй байгаа юм бол нөхцөл боломж нь бүрдсэн орон нутагт хийе. Монгол Улс ардчилал, эрх чөлөөний замыг сонгосноос хойш бараг 20 гаран жилийн дараа Увс аймагт ардчилагчид орон нутагтаа бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Увсад хэрэгжүүлье. Хийгээд үзүүлье. Үр шимийг нь иргэд л хүртэх учраас нэг аймгийг ч гэсэн өөрчилье гэж шийдсэн. Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир бид хоёрын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд Увсын удирдлагуудтай хамтран ажиллаж байна. Энэ саналыг дэмжин хүлээн авч “Тони блэйрийн сан”-гийн Лондон дахь удирдлагуудтай ажил хэргийнхээ шугамаар олон дахин хэлэлцсэний үр дүнд өнөөдөр Увсад ирээд байгаа юм. Өөрийн чинь хэлсэнчлэн улсын түвшинд бодлогын зөвлөмж гаргадаг энэ баг орон нутагт авч ирэх тийм амар байгаагүй. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, Монголд ажилласны үр дүнгээ үзэх нь бас нэг зорилго нь учраас эднийг бас нааш нь хөтөлсөн байх. Увс аймгийн хувьд эдийн боломжийн судалгаа хийсэн. Түүний дагуу “Их наяд Увс-2020” гэдэг хөтөлбөр гарсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдээр дэмжигдээд байна. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгтэй энэхүү судалгааны багийн ажил уялдах юм. 

- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал удахгүй хуралдана ирэх оны төсвөө батална, Үүнээс өмнө та бүхний судалгааны дүн гарах болов уу? 

- Монгол улсын эдийн засгийн байдал гадаад, дотоод олон асуудлаас болж хүндэрч байна. Үүнээс улбаалж төсвөө хэмнэ гэдэг зүйлийг дээрээс автоматаар шаардаж байна. Гэтэл ямар бодлого, онол зарчмаар төсвөө хэмнэх вэ гэдэг бол ул суурьтай хандаж ёстой зүйл. Тиймээс бидэнд судалгааныхаа дүгнэлтийг гаргах нь цаг хугацааны хувьд шахуу байгаа. Гэхдээ Увс аймгийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээллээ цуглуулж аваад дүн шинжилгээ хийгээд урьдчилсан дүгнэлтээ 11-р сарын 20-нд танилцуулаад явна. Очоод тайлан мэдээллээ нэгтгээд 14 хоногийн хугацаанд эргээд өгнө. 

- Аль ч салбарт чадавхийг сайжруулна гэсэн зорилготой төслүүд их хэрэгждэг. Иргэдэд мэдээлэл түгээдэг ийм сайхан болох нээ гээд л. Харамсалтай нь сургалт семинар болоод өнгөрдөг. Гарсан өөрчлөлт ч тодорхойгүй л үлддэг. Энэ баг ажилласнаас ямар үр дүн хүлээх вэ? 

- Мэдээж өргөс авсан юм шиг зүгээр болно гэж байхгүй. Манай хоёр зөвлөхийн хувьд Колумба, Чили, Малайзад эдийн засгийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан. Нэг нь бүр орон нутгийн засаглалын чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг байсан. Бидний судалгааны дүн гурван чиглэлээр гарна. Тони блэйрийн сангийн мэргэжилтнүүд бол орон нутгийн Засаглалын чадавхийг сайжруулахад ямар бүтцээр ажиллавал үр дүнтэй вэ. Үйлчилгээ хүртээмжтэй болох вэ гэдэгт бодлогын томоохон зөвлөмж өгнө. Бидний хувьд Удирдлагын академийн судлаачидтай мөн хамтран ажиллаж байгаа. Тэднээс монголын төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн үе шатууд, шинэчлэлийн талаарх мэдээлэл дүгнэлтээ авч, судалгааны дүнтэйгээ нэгтгэнэ. Засгийн газрын түвшинд, Ган-Очир зөвлөх бидний хувьд дээрх томоохон судалгаануудыг хэрхэн ойлгомжтой, хүртээмжтэй хамгийн гол нь хэрэглээтэй болгох вэ гэдэгт анхаарч ажиллана. Өмнө бид эдийн засгийн боломжийн судалгаа хийж байхад судалгааны дүн 200 хуудас, танилцуулга 100 хуудас болж байсан. Харин эцсийн үр дүнд нугалбар цаасны хэмжээнд хэнд ч ойлгомжтой болсон. Бидэнд цаас бодлогын баримт бичиг дутаагүй гэдэг нь өмнөх эдийн засгийн боломжийн судалгааны үеэр цуглуулсан материалаас харагдаж байлаа. Харин хэрэглээ чухал байна. 

- Хийх ажлаа биш хүнээ харж, тэдэнд тохируулж бүтэц бий болгож байна гэсэн шүүмжлэл Төрийн албанд нийтлэг байдаг. 

- Эдийн засгийн боломжийн судалгааг өргөн хүрээнд хийж, “Их наяд Увс- 2020” гэсэн бодлого гарсан. 2020 он гэхэд Их наяд эдийн засагтай аймаг болно гэсэн том зорилготой. Тэгэхээр хийх ажил нь тодорхой болжээ гэсэн үг. Хийх ажилд уялдсан бүтэц зохион байгуулалт гарч ирэх ёстой. Тэгэхээр Их наяд-2020 бодлоготой уялдсан, төрийн албаны тухай хуулинд нийцүүлсэн ямар шинэчлэл хийх вэ гэдэг нь чухал. Их наядын эдийн засагтай болоход засаглал ямар чадавхитай байх вэ гэдэг нь судалгаагаар гарч ирэх учиртай. 

- Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%