2014 оны 10 дугаар сарын 23-24-ний
өдрүүдэд Ховд хотноо “Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган-2014” аймгийн
Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулагдлаа.
Тус уулзалт нь баруун таван аймгийн
хөрөнгө оруулалтын орчин төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2025 он хүртэлх
хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө
оруулалтын төсөл, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилгыг хөгжүүлэх үйл ажиллагаанд
хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг сурталчлах, уул уурхай, дэд бүтэц, аж
үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг хангах үйл
ажиллагаанд хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид, бодлого боловсруулагчид,
шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой
юм.
Уулзалтанд Монгол улсын
Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр,
Монгол улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх О.Цогтгэрэл, Монгол
улсын Ерөнхий сайдын зөвлөх, МЭЗФ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очир,
ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний харъяалал,
шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Гадаадын
хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Д.Ирмүүн зэрэг төрийн төв байгууллагуудын
дарга, мэргэжилтнүүд болон баруун таван аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга,
БНХАУ, ОХУ, Казакстан, АНУ болон гадаадын төсөл хөтөлбөрийн төлөөлөгчид, дотоодын томоохон
бизнес эрхлэгчид, компаниуд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийлсэн 210
гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд нийт оролцогчдын 50 орчим хувь нь гадаадын
төлөөлөгчид байсан байна.
“Баруун бүсэд Хөрөнгө оруулалтын Олон улсын
чуулган-2014” арга хэмжээнд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын
хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Д.Ирмүүн “Гадаадын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг
Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж “Баруун бүсийн хилийн боомтуудын хөгжлийн хэтийн төлөв, гадаадын
ажиллах хүчний талаар баримталж буй бодлого”, ЗГ-ын хэрэгжүүлэгч
агентлаг Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга Т.Буянбат “Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого”, ҮХААЯ-ны бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Ц. Баярмаа “Хөдөө
аж ахуйн болон боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын бодлого”, “Ховддоо сайхан
амьдарцгаая сан”-гийн тэргүүн Б.Пүрэвдорж “Баруун бүс нутаг,
Ховд аймгийн хөгжлийн гарц” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг
явагдсан юм.