ХИС-ийн профессор, МУ-ын тэргүүний багш Оръяс Мөнгөнхүүгийн Ганболдын сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн “Тайлан үзэсгэлэн” өнөөдөр боллоо. Тус үзэсгэлэнд профессор М.Ганболдын 21 ном, 4 хамтын бүтээл, 86 эрдэм шинжилгээний өгүүлэл, 43 хурлын илтгэл, 7 хянан тохиолдуулсан бүтээл, гар бичмэлүүд, 3 баримтат кино, 109 сэтгүүлзүйн бүтээл зэрэг нийт 300 орчим бүтээл дэлгэгджээ.
Түүхийн багш, түүхийн ухааны доктор, профессор М.Ганболдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ГХХА эрхэлсэн дэд захирал, доктор, дэд проф В.Сайнбаяр, Болор цомын эзэн, яруу найрагч М.Отгонбаяр нар хүрэлцэн ирж, М.Ганболд багшийн бүтээлүүдийг үзэж, сонирхоод сэтгэлийн үгээ хэллээ. Үүнээс гадна Ховд аймгийн засаг дарга асан Б.Цэвээнравдан, МУ-ын шилдэг хөгжмийн зохиолч, “Морин хуур” наадмын морин хуурын эзэн Б.Хүрэлбаатар, МУГБ, проф, Д.Батчулуун, проф, Б.Даваадорж, Улаанбаатар хотоос профессор М.Ганболдын дүү нар хүрэлцэн ирж баяр хүргэсэн юм. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид профессор М.Ганболдын бүтээлийн санг арвин, баялаг, үзээд ханашгүй юм гэдгийг шагшин магтаж байлаа.
Тэрбээр 38 жил багшлахдаа шавь сургалтыг идэвхтэй явуулж, 20 бакалавр, 21 магистр, 1 докторантын ажлын эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллаж, 36 нэг сэдэвт бүтээл, 102 эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний 4 бүтээл эрхлэн гаргажээ. Дээрх бүтээлүүд нь Монгол, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орнуудад хэвлэгдсэн. Харин одоо түүний докторын ажил Тува хэл дээр хэвлэгдэхэд бэлэн болоод байгаа аж.
Тэрбээр түүхийн ухааны доктор, профессороос гадна Монголын сэтгүүлчдийн холбооны “Ган үзэгтэн” шагналт, 2017, 2018 оны Балдоржын нэрэмжит шагналын эзэн сэтгүүлч, теннисний спортын дэд мастер зэрэгтэй тамирчин хүн юм. Түүний хувьд 2012 оны Ховд аймгийн оюунлаг багш, 2017 оны Монгол улсын шилдэг багшаар өргөмжлөгдсөн.