Ховд аймгийн ИТХ-ын 6-р хуралдаан энэ оны 09-р сарын 10 ны
өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд
Х.Болдбаатар аймгийн ИХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ татан авсан бол
аймгийн Засаг даргын Тамгын газраас "...хуулинд
тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил тутам хэлэлцэж дүгнэнэ гэж
заасан тул тайланг хагас жилээр тооцож хүргүүлэх боломжгүй..." гэсэн албан бичгийн
дагуу Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны
эхний хагас жилийн хэрэгжилтийн дүнгийн тайлангийн тухай илтгэлийг
хэлэлцсэнгүй.
Аймгийн Засаг дарга Д.Галсандондог ОХУ-ын элчин сайдын яаманд
элчин зөвлөхөөр томилогдсон учир аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж,
аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Аймгийн Засаг даргад
намын бодлогоор аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Б.Дүгэржавыг нэр дэвшүүлж байгааг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч М.Ганзориг
танилцуулсан бол, заалнаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан аймгийн
ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Ганболдын нэрийг
дэвшүүлж байгаагаа уламжлан тус тус танилцуулж, дэмжиж өгөхийг хүслээ.
Хуралдааны дэгийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулсан ба тооллогын комисст Т.Дэлгэрсайхан, П.Улаанхүү, Б.Болорцэцэг, Ю.Азамат, Л.Энхбаяр нар ажиллав. Санал хураалтад 41 төлөөлөгч оролцохоос Э.Уртнасан, Д.Түмэндэмбэрэл нар тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн хуралдаанаас чөлөөлөгдсөн учраас 39 төлөөлөгч оролцлоо.
Санал хураалтыг нууцаар явуулж дүнг нэгтгэхэд Б.Дүгэржав 25 төлөөлөгчийн санал буюу 64,11 хувийн, Б.Ганболд 14 төлөөлөгчийн санал буюу буюу 35,89 хувийн санал тус тус авч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар батламжлуулах асуудлыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу "Аймгийн 2018 оны төсөвт тодотгол хийх тухай" асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд МАН-ын бүлгээс 7, Ардчилсан намын бүлгээс 4 Тэргүүлэгч байсныг өөрчлөн МАН-ын бүлгээс 6, Ардчилсан намын бүлгээс 5 нийт 11 Тэргүүлэгчтэй байх саналыг хэлэлцлээ. Тухайн асуудалтай холбогдуулан намын бүлгүүд хуралдаж МАН-ын бүлэг Г.Пүрэвганди, М.Ганзориг, Т.Жаргалсайхан, Б.Амгаланбадрах, Л.Цэнд-Аюуш, Т.Баярсайхан, Б.Болорцэцэг нараас Т.Жаргалсайхан, Б.Амгаланбадрах, Л.Цэнд-Аюуш нарыг чөлөөлж, Т.Дэлгэрсайхан, П.Улаанхүү нарыг Ардчилсан намын бүлгээс Ю.Азамат, Д.Баяхуяг, Ч.Чинбат, Б.Баярсайхан нараас Ч.Чинбат, Б.Баярсайхан нарыг чөлөөлж Н.Энхмандах, Л.Энхбаяр, Ц.Цэрэнбадам нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулан баталлаа.