ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЭМГЭНЭЛ

2018-08-30

           ДЭМБЭРЭЛИЙН БАТСҮХ 

/1967-2018/

Ховд аймгийн Манхан сумын харъяат, ЦДБЭЧ-ын ахмад уран бүтээлч, Монгол улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Дэмбэрэлийн Батсүх удтал хүндээр өвчилж байгаад таалал төгслөө.

Монгол түмэндээ "Жирмийн цагаан нуур" дуугаараа алдаршсан авьяаслаг уран бүтээлч дуучин маань 1967 онд Манхан сумын нутагт мэндэлсэн. 1984 онд Манхан сумын бүрэн дунд сургуулийг дүүргээд цэргийн албанд татагдаж, 1984-1986 онд Ардын армийн 120 дугаар ангид байлдагч, 1986 оноос тэтгэвэрт гартлаа тус чуулгад ажиллаж байлаа.

Д.Батсүх нь 600 гаруй томоохон Хүндэтгэлийн тоглолтуудад найрал дуучин, гоцлол дуучнаар оролцож, ОХУ, БНХАУ, БНАСАУ, ХБНГУ, БНПАУ, БНСЧСУ зэрэг орнуудад айлчилсан чуулгын бүрэлдэхүүнд оролцон ая дуугаа гадаадын үзэгчдэд толилуулж байлаа.

Тэрбээр "Түүхт хил", "Монгол нутаг", "Би чамд хайртай", "Цэргийн хүүгийн бодол", "Аюуш баатар", "Цэргийг хүлээ", "Булган хангай нутаг", "Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ" зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 80 гаруй дууг цэрэг дайчид, Монголын ард түмэндээ хүргэсэн юм.

МУГЖ дуучин Д.Батсүх нь 1999 онд "Цэргийг хүлээ", 2002 онд "Цэргийн хүүгийн бодол", 2005 онд "Жирмийн цагаан нуур", 2010 онд "Амьдрал хөглөсөн аялгуу" нэртэй бие даасан уран бүтээлийн тоглолтоо ард түмэндээ хүргэсэн.

Ховд нутагтаа өөрийн бие даасан тоглолтоо хоёр ч удаа үзэгч түмэндээ хүргэж, нутаг усныхаа тухай “Ховд нутгийн дуулал”, “Буянт гол”, “Мартмааргүй Манхан нутаг” зэрэг олон сайхан уран бүтээл туурвиж, бидний сэтгэл зүрхэнд мөнхжүүлжээ.

Түүний хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийн амжилтыг үнэлэн Монгол улсын гавьяат жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн хүндэт медаль зэргээр шагнаж байжээ.

Д.Батсүх гавьяатын байгалиас заяасан ширгэшгүй авьяас чадвар, уйгагүй хөдөлмөрч, зүтгэлтэй зан чанар, залуу уран бүтээлч, залуу хүнийг хөхүүлэн дэмжих, урам өгөх ахмадын ухаан, аливаа хатуу бэрхийг зөөллөн залах ховорхон жудаг чанар бидний сэтгэл зүрхэнд мөнхөд хадгалагдан үлдэх болно. 
        Авъяаслаг уран бүтээлч та мөнх хөх тэнгэрийн ивээлд энхжин жаргах болтугай.

Ум сайн амгалан болтугай.

 

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ, ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ,

ХОВД АЙМАГ ДАХЬ МАНХАН СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

          

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%