Мөнххайрхан сумын “Ерөнхий
боловсролын сургуулийн 70 жилийн ой” энэ онд тохиож байна. Мөнххайрхан сумын
Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярын хурлыг 7 дугаар сарын
19-ний өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.
Баярын хуралд Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга З.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын
орлогч Ш.Батсүх, Сумын ИТХ-ын дарга Я.Очир, сумын Засаг дарга Б.Батболд, Ховд
аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
Х.Болдбаатар, Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал
Б.Түвшинзориг болон аймгийн БСУГазар, Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын
сургуулийн үе үеийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчдийн төлөөлөл
оролцсон юм.
Энэ үеэр Мөнххайрхан сумын Ерөнхий
боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ, сумын
ИТХ-ын тогтоол шийдвэрээр Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус
сумын уугуул, анхны төгсөгч, Монгол Улсын Гавъяат багш, Дугуйн спортын Олон
улсын хэмжээний мастер Гүнчингийн Дашгалын нэрэмжит сургууль болгож, аймгийн
ИТХ-ын тогтоолын батламжийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Мөнххайрхан сумын
Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Түвшинзоригт гардуулан өгөв.
Түүний дараагаар Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга З.Энхболд: Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн
70 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн
2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр зарлигаар Мөнххайрхан сумын
Ерөнхий боловсролын сургууль нь “Алтан гадас одон”-гоор шагнагдсаныг уламжилж,
тус сургуульд “Алтан гадас одон”, батламжийг гардуулан өгч, сургуулийн нийт
хамт олон, үе үеийн төгсөгчдөд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Ингэснээр
Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургууль нь Ховд аймгийн “Алтан гадас одонт”
2 дахь сургууль болж байна.
Мөнххайрхан сумын Ерөнхий
боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Боловсролын салбарт
идэвх зүтгэл, ур уxаан, цуцашгүй xөдөлмөрөө зориулсан үе үеийн багш,
ажилтнуудад “Төрийн дээд одон, медаль” гардууллаа. Үүнд: “Хөдөлмөрийн гавъяаны
улаан тугийн одон”-гоор Ш.Сэр-од, Б.Амгаланбаяр, “Алтан гадас одон”-гоор
Ц.Батаа, М.Уламбаяр, Т.Долгор нар шагнагдсан юм. Мөн Боловсрол Соёл Шинжлэх
Ухааны Яам болон аймаг орон нутгийн салбарын шагналуудаар нэр бүхий багш сурган
хүмүүжүүлэгчдийг шагнаж урамшуулав.
Үүнээс гадна Мөнххайрхан сумын
Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн
сурагчдын бүлгэмийн 70 сурагч бүрээ, бөмбөр хөгжим тоглож, “Бүхий олон
багачууд” дуугаар мэндчилсэн юм.