Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын
хувьсгалын 97 жилийн Үндэсний их баяр наадмаар
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгаас төр нийгмийн ахмад
ажилтан Дамбийн Ширэндэв МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан, Хөдөө аж ахуйн ахмад
ажилтан, зоотехникч Раяханы Хасимхан МАА-н системийн гавьяат ажилтан цол хүртсэн бахдам сайхан амжилтаар Ховд
аймаг нь Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна.
Аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад 27 наснаасаа удирдах албанд
томилогдсоноос хойш төрийн захиргааны байгууллагад 40 гаруй жил ажилласан Төр
нийгмийн ахмад ажилтан Д.Ширэндэв гуайн хувьд Улсын бүртгэлийн газарт анхны
доктор нь болж эрдмийн цолоо хамгаалж байсан бол Улсын бүртгэлийн газрын түүхэн
70 жилийн хугацаанд салбарынхаа анхны гавьяат гэсэн нэр хүндтэй шагналын эзэн
болж байгаа юм. Түүнчлэн Ховд аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага болох
хурлын байгууллагаас төрөн гарч байгаа 3 дахь гавьяат нь болж байна. Харин
Р.Хасимхан гуайн хувьд ХАА тэр дундаа мал аж ахуйн салбарт 47 жил ажилласан амжилтаар Ховд аймгаас анхлан МАА-н системийн гавьяат ажилтан гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
Нутаг усныхаа нэрийг улс эх орондоо гаргаж Ховд аймгаас төрөн гарсан гавьяатуудын тоог 102-д хүргэсэн эрхэм 2 гавьяатын нэрийг дуурсган Ховд аймгийн үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд аймаг орон нутгийн удирдлагууд мөн хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Мөн Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн хамт олон Монгол улсын гавьяат цол хүртсэн Д.Ширэндэв-д баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.