Монгол Улсад Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлын
зохицуулах зөвлөл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн
газрын Замын цагдаагийн алба хамтран 'Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
төлөө-Хамтдаа шийдье' баруун бүсийн
зөвлөгөөнийг өнөөдөр Ховд аймагт
зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөний
зорилго нь замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, холбогдох хуулийн
хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч
хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, тодорхой төрлийн шийдвэр
гарган бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байв.
'Замын хөдөлгөөний
аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье'
баруун бүсийн зөвлөгөөнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа
С.Ганбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан,
Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн албан хаагчдын төлөөлөл 75
орчим хүн оролцлоо.
Зөвлөгөөний хүрээнд
Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан
аймгийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол,
гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан,
цаашид анхаарах асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, харилцан
санал солилцлоо. Мөн баруун таван
аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн үйл
ажиллагаа болон Хот хоорондын зам арчлалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал,
хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зарим асуудлуудын талаар хэлэлцэж, зөвлөмжийн төслийг танилцуулсан юм.
Зөвлөгөөний үр дүнд төр,
иргэний нийгмийн байгууллагууд, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч, тухайн
нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтвортой
менежмент хэрэгжүүлэх, урт болон богино
хугацааны төсөл, хөтөлбөрийг зохион байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй
байдлын журмын эсрэг зөрчил буурах ач
холбогдолтой юм.