Ховд аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын
төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ хамтран
“Төлөөлөгчдийн өдөр”-ийг энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Төлөөлөгчдийн
өдөрт аймаг сумын нийт 72 төлөөлөгч оролцохоос 44 төлөөлөгч оролцон байгаль
орчны тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж, хот орчмын зарим бүсчлэлийн
зөрчилтэй газар дээр нь очиж танилцсан юм.
Төлөөлөгчдийн өдрийн нээлтийн үйл
ажиллагаанд Ховд аймгийн ИХТ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга
Б.Сандагсүрэн, Жаргалант сумын ИТХ-ын дарга Бумцэнд нарынн удирдах ажилтнууд,
аймаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, хурлын ажлын албаны хүмүүс оролцлоо.
Төлөөлөгчдийн өдрийн хүрээнд “Усан сан бүхий
газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрт эрүүл
ахуйн бүс тогтоох үндэслэл сэдэвт хэлэлцүүлгийг Хар нуур Ховд голын сав газрын
захиргааны дарга Р.Энхсүрэн тавьж нийт төлөөлөгчдөд мэдээлэл хүргэсэн юм. Мөн
Ховд аймгийн хэмжээнд Усан сан бүхйи газрын хамгаалалтын бүсийг 2017 оны 7-р
сарын 28-ны өдрийн А/310 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсгийн шинэчлэн
тогтоосон зураглалын үр дүнг танилцууллаа. Төлөөлөгчдийн өдрийн хөтөлбөр
төлөвлөгөөний дагуу аймаг сумын төлөөлөгчид Хар нуур-Ховд голын сав газрын
захиргааны хамт олны санаачлагаар Улаан богочийн рашааныг сэргээн засварлаж буй
үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.
Үүнээс гадна төлөөлөгчид хот орчмын
зарим бүсчлэлийн зөрчилтэй газар дээр нь очиж танилцсан. Тухайлбал, Буянт голын
онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хайрганы карьертэй
танилцаж, үйл ажиллагааг таслан зогсоох, нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг
шийдвэрлэх талаар төлөөлөгчдийн саналыг сонссон юм. Мөн Төв цэвэрлэх
байгууламжийн үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө
гаргахаар болсон байна. Мөн Буянт голын усны сан бүхий газрын онцгой болон
энгийн хамгаалалтын бүс төвлөрсөн ус хангамжийн эрүүл ахуйн бүсийн зураглал
танилцуулж тэмдэгжүүлэх ажил хийх хэрэгтэй байгааг хэллээ.
Энэ удаагийн төлөөлөгчдийн өдрөөр
байгаль орчин тэр дундаа усны асуудлыг авч хэлэлцсэн нь төлөөлөгчдөд энэ талын
мэдлэг мэдээллийг өгч чадсан юм. Ингэснээр байгаль орчны багц хууль, усны тухай
хууль, болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, тогтоол шийдвэрийн
хэрэгжилт хангагдах, цаашлаад байгаль орчны тулгамдсан асуудлаар нэгдсэн нэг
шийдэлд хүрч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажил хэрэг болгох үр
дүнтэй арга хэмжээ болсныг зохион байгуулагчид онцолж байлаа.