“Ховд Мед” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны
04 дүгээр сарын 04-ны өдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,
Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн БОЭТ-ийн захирал Б.Амаржаргал, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга клиникийн
профессор Ц.Мягмарсүрэн, аймгийн Улсын
бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхболд, МУ-ын хүний гавьяат эх барих эмэгтэйчүүдийн
зөвлөх эмч Ж.Даваабал Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Б.Нансалмаа, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.Гэрэлсүрэн нар оролцов.
Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хэлсэн үгэндээ эмэгтэйчүүд эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг тэргүүлэх эмч нар болох Б.Нансалмаа, П.Гэрэлсүрэн нар хамтран энэхүү орчин үеийн стандартад нийцсэн техник технологийн хурдтай хөл нийлүүлэн алхах эмнэлгийг нээж байгаад Ховдчуудынхаа өмнөөс талархаж байгаагаа онцлов.
Ховд аймаг нь 87 мянга гаруй хүн амтайгаас нийт хүн амын 40 гаруй мянга
буюу 49,7 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Үүнээс 19 мянга буюу 43,2 хувийг төрөх
насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тэдний дунд өвчлөл, жирэмсэн үеийн
эрсдэлүүд өндөр гардаг байна. Түүнчлэн алслагдсан бүс нутаг учраас ургийн эрт
оношлогооны хамрагдалт, багаж техник тоног төхөөрөмжийн хүчин чадал хомс байдаг. Мөн 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 12,23 хувийг амьдрах боломжгүй төрөлхийн
хөгжлийн гажгийн шалтгаант нас баралт эзэлж, амьд төрсөн хүүхдэд бүртгэгдэх
гажгийн тохиолдол жил бүр нэмэгдсээр байгаа юм. Тиймээс жирэмсэн эхчүүдийн
үзлэг, хяналт ургийн эрт оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр
үйл ажиллагаа явуулах “Ховд Мед” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг үүдээ нээлээ.
Тус эмнэлэг нь эмэгтэйчүүдийн их эмч, эх баригч гэсэн 3 хүний орон
тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн хүчин
чадал бүхий 3D, 4D аппаратаар
үзлэг оношлогоо хийхээрээ Ховд аймагт анхдагч нь болж байгаа юм.