Ховд аймгийн шинэ удирдлагууд ажлаа хүлээн авсан нэг жилийн хугацаанд дэвшүүлсэн зорилтоо хэдэн хувьтай биелүүлж ажилласан талаар тайлангаа олон хэлбэрээр иргэд олон нийтэд хүргэж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран нэг жилийн хугацаанд гаргасан тогтоол шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаасаа түүвэр болгон 58 ажлыг багтаасан эмхтгэлийг хэвлүүллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” хэмээн хэлсний дагуу сэтгэл гарган хийсэн олон ажлаасаа түүвэрлэж оруулсан “Ховдын шинэчлэл-2013” эмхтгэл 8 салбар бүлэгтэй, 24 нүүр хуудас бүхий зураг тайлбартай шинэхэн бүтээл болсон байна. Энэхүү эмхтгэлийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ЗДТГ-ын дарга Б.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг боловсруулжээ.
Эмхтгэл нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлал, гадаад харилцаа хамтын ажиллагаа, хүнс, хөдөө аж ахуй, хууль эрх зүйн салбарын гол мэдээллийг багтаахаас гадна “Иргэд төрдөө үнэнийг хэлж, төр иргэндээ үйлчилж байна” сэдвийн хүрээнд төрийн байгууллагын ил тод байдал болон иргэн төрийн харилцааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн мэдээллийг багтаав. Үүнээс гадна дулааны хоёрдугаар станц, битүү худалдааны төв, замын бүтээн байгуулалт, нэрэмжит гудамж талбайн завсар, хоггүй Ховд, Нүүрс хөтөлбөр, Цэцгэн гоёлтой хот зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаасаа багцлан “Ховдын шинэчлэл-2013” эмхтгэлд оруулсан байна.