Ховд аймгаас энэ жил Улсын аварга малчин 7 төрөн гарсан. Тэдний нэг нь Мянгад сумын Чацарганат багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж юм. Мянгад сум нь сүүлийн 30 гаруй жил аймагтаа малын тоогоор эхний тавд орж байсан бөгөөд өдгөө 34 жилийн дараа "Улсын аварга малчин"-тай болж байна.
Улсын аварга малчин Ц.Бямбадоржийн шагналыг УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ, Л.Бадамхорлоо нарын аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
"Улсын аварга малчин"-аар шалгарсан Цэвэгмидийн Бямбадорж 1700 гаруй малтай, 3 туслах малчинтай өнөтэй сайхан өвөлжиж байна. 20 гаруй жил мал маллаж байгаа дунд үеийн төлөөлөл болсон хашир туршлагатай малчдын нэг Мянгад сумын Чацарганат багийн малчин Ц.Бямбадорж нутгийн ахан дүүс, аав ээжийнхээ өмөг түшигээр энэхүү өндөр нэр хүндтэй шагналыг хүлээн авч байгаадаа баярлаж байна гээд нийт малчин зон олон болон Монгол түмэндээ сар шинийн баярын мэнд дэвшүүлж байв.