Агаарын температурын сарын дундаж нь Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Алтайн өвөр говь: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Их нууруудын хотгороор: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи шуурганы хувьд: Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөмж:
2017 оны XII сарын цаг агаарын ерөнхий төлвөөр агаарын температурын хувьд ихэнх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байхаар байна. Орох хур тунадасны хувьд нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орохоор байна. 2017 оны бэлчээрийн даацын мэдээгээр нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн бөгөөд 12 сарын урьдчилсан мэдээгээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч мал аж ахуйд сөргөөр нөлөөлөхөөр байгааг анхаарна уу.