Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол ”-ын арга хэмжээ боллоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог нар оролцож, иргэний үнэмлэхийг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Иргэний андгай өргөх ёслол”-ын үеэр хэлсэн үгэндээ: Эх орныхоо хөгжлийг түүчээлэн авч явах залуус, дүү нартаа эх орноо хайрлан хамгаалж, амьдарч буй цаг үеийнхээ хөгжил цэцэглэлт, амжилт бүтээлийн эзэн нь байхыг хүсэн ерөөе хэмээлээ.
“Иргэний андгай өргөх ёслол”-д Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль болон Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн суралцагчид гээд нийт 250 хүүхэд иргэний андгай өргөн, шилдэг 22 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.