Баруун бүсийн аймгуудын ахмадын байгууллагын удирдах ажилтан, идэвхтэн, сонгуультнуудын зөвлөгөөн өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ. Уг арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо нарын аймаг, сумын удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Баруун бүсийн зөвлөгөөнд Ховд, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн ахмадын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа бөгөөд урилгаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцож, нийт ахмадуудда мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Ховд аймагт өдгөө 7785 ахмад настан
амьдарч байгаа бөгөөд хөдөлмөр эрхэлж байгаа 444, эрсдэлт буй эрсдэлд ойрхон
нөхцөлд амьдарч буй 350, байнгын асаргаанд 938, ямар нэг байгууллага, аж ахуйн
нэгжид харьяалалгүй 4271 ахмад настан байгаа талаар судалгаа байдаг байна.
Аймгийн хэмжээнд иргэдийн хөгжлийг хангахад чиглэгдсэн 10 гаруй хөтөлбөр болон
бусад бодлогын баримт бичгүүд хэрэгжиж байгаа ч манай аймгийн ахмадуудын
онцлогтой уялдсан ахмадуудын хөтөлбөр батлагдаагүй байсан.
Иймд ахмад настан нь нийгмийн эрх тэгш
идэвхитэй гишүүн байж хөдөлмөр эрхлэх таатай боломжийг бий болгох, баталгаатай
орлоготой байх, тэдний аж байдал нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл насжих,
тэднийг нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш
хүртэх таатай орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага,
хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа,
иргэдийн
оролцоог идэвхжүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах
нөхцөл бүрдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 43 дугаар тогтоолоор
"Ахмадаа ачлая" хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.