Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас долоон баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг явагдаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Улсын Их Хурлын Тамгын газрын гурав дахь багийнхан энэ сарын 07-ноос эхлэн Ховд аймгийн Мөст, Жаргалант сумдад ажиллаад 8 дугаар сарын 9-д Эрдэнэбүрэн суманд ажиллалаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга Н.Сэр-Од, Засаг дарга У.Цэрэнтогтох, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр нар болон Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Ховд сумдын нийт 63 иргэн оролцлоо.
Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргаа, удирдлагын газрын 44 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулав.
Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаа хоёр өөр байгааг тайлбарлах, төсөл батлагдвал төрийн жинхэнэ алба мэргэших, шатлан дэвших зарчимд шилжихээр тусгагдсан асуудлыг хэрхэн зохицуулсан, шүүгчдэд нас заасан нь дээд сургууль төгссөн залуучуудыг шүүгчээр ажиллах боломжийг хангахад нийцэж байгаа эсэх, багийн Засаг даргыг томилоход боловсролын түвшин, цэргийн алба хаасан байх зэрэг тодорхой шалгуур тавьж болох эсэх зэргийг илүүтэй тодруулж байлаа.
Асуулт, хариултын дараа хэлэлцүүлэгт оролцсон иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа.