Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас долоон баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж эхлээд байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Улсын Их Хурлын Тамгын газрын гурав дахь багийнхан энэ сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус сумын Соёлын төвд болсон уг хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Мөст сумын ИТХ-ын дарга Ч.Болдхүү, Засаг дарга Б.Сугарбат болон Мөст, Үенч, Алтай, Булган, Мөнххайрхан, Цэцэг сумын нийт 67 иргэн хамрагдлаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн орон нутагтаа зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.
Улсын Их Хурлын Тамгын газрынхан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвүүдээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн мэргэшсэн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах талаар тодорхой заалт туссан эсэх, засаг захиргаа нутгийн удирдлагын тогтолцоог хэрхэн бэхжүүлэхээр тусгасан, Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа дотооддоо хэр их судлагаа хийж, олон нийтийн саналыг сонссоныг илүүтэй тодруулж байлаа.
http://www.parliament.mn/