Сайн туршлагыг бусдад
хүргэж, бэлчээрийн менежментийг хэрхэн зөв зохион байгуулах талаар туршлага
судалж, сум орон нутагтаа хэрхэн хэрэгжүүлэх санал санаачлага, сэдлийг бий
болгох зорилгоор 07 дугаар сарын 19-ний өдөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн
дэмжлэгтэйгээр Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл, Манхан, Зэрэг, Дарви,
Эрдэнэбүрэн, Жаргалант, Говь алтай аймгийн Хөх морьт сумдын Засаг дарга, ИТХ-ын
төлөөлөгч нараар ахлуулсан нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй баг Баян-Өлгий аймгийн Толбо
сумын Сайр уул, Цэнгэл, Алтай сум гэсэн маршруттайгаар 5 өдрийн туршлага судлах
аялалд гарсан юм.
Маршрутын дагуу 2002
оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мөнх цаст хайрхан Сайр уулын бэлд орших
“Сайр тур” гэр баазад саатаж, дараа өдөр нь Цэнгэл сумын “Цэнгэл Хөгжил”
ХЗХоршооны үйл ажиллагаатай танилцав. Тус хоршоо нь 2004 онд 26 гишүүний
1.250.000 төгрөгний хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үүсгэн байгуулагдаж байсан.
Одоо хоршооны дарга, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, зээлийн эдийн засагч,
теллэр гэсэн 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сар бүр
1.200.000-аас 680.000 төгрөгийн цалинтай, хадгаламжийн хүү нь 20 гаруй хувьтай
гэх мэт хүнийг татах давуу тал, сайн туршлагатай юм байна. Сүүлийн 2-3 жил
дараалан жилийн эцсийн актив хөрөнгийн тайлангаараа 2.0 тэрбум төгрөг
эргэлдүүлдэг, 1540 гишүүнтэй, ашгаа тогтмол 02 дугаар сарын бүх гишүүдийн
хурлаараа хэлэлцэн хуваарилж, дараа жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны
төлөвлөгөөгөө хэлэлцэн баталдаг, нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн ажил
зохион байгуулж, сумын хөгжилдөө хувь нэмэр оруулж хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
Ийнхүү
туршлага судлах аялалын баг бүрэлдэхүүн нүүдлийн соёл, бэлчээр ахуйгаа
хамгаалан нөхөн сэргээж, зүй зохистой ашигласаар ирсэн Алтай суманд ажиллав.
Энэхүү сум нь 1959 онд БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр
зарлигаар зэргэлдээ Буянт сумын 2, 6, 7, 8 дугаар багуудаас хаяа таслан
байгуулагдсан түүхтэй бөгөөд эдүгээ 5 багтай, 1200 өрхтэй, 4300 гаруй хүн амтай
Монгол казах 2 үндэстэн эв, найртай амьдарч ирсэн нутаг. Хүн амын 35 хувь нь
Урианхайчууд /Монгол/, 65 хувийг Казах үндэстэн эзлэх бөгөөд Монгол улсын
баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар уулсаар хүрээлэгдэн далайн түвшнээс
дээш 2148, 3575 метр өндөрт, уулархаг бүс нутагт 316356 га талбайг хамран
оршдог ажээ. Тус сумын зун намрын бэлчээр ашиглалт, хадлангаа хамгаалах
туршлагыг судлах уулзалт хийсний дараагаар 3 дугаар багийн 2 айлын хаваржаагаар
зочилсон байна.