Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр
хэрэгжиж буй "Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн
хүрээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ-ын зөвлөмж
туслалцаатайгаар "Олон нийтийн оролцоот сургууль" төслийг Ховд аймгийн
10 сургуульд 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж, сургуулийн үйл
ажиллагаанд эцэг эх, олон нийтийн бүтээлч оролцоог сайжруулах загварыг буй
болгох зорилт дэвшүүлсэн. Тус төслийн нээлттэй өдөрлөг 2017 оны 06 сарын 04-ний өдөр Ховд
аймгийн төв талбайд болж төсөлд хамрагдсан сургуулиуд энэ хугацаанд
хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгээ цаашид хадгалан хэвшүүлэх
арга замын талаар хэлэлцэж, нийтэд мэдээлэл хүргэлээ.
“Нийгмийн эгэх хариуцлага ба олон нийтийн оролцоот
сургууль” дэд төслийн нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон
ЗГХЭГазар, БСШУЯ-ны төлөөлөл оролцлоо.
Энэхүү өдөрлөгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди
хэлсэн үгэндээ: "Олон нийтийн оролцоот сургууль" дэд төсөлд
хамрагдсан аймгийн төвийн 3 сургууль, сумдын 7 сургууль нь эцэг эхчүүд, төр,
төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн сургууль бүрийнхээ
онцлогт тохирсон шинэлэг, үр дүнтэй загвар, брэнд ажилуудыг бий болгож, үйл
ажиллагаандаа хэвшүүлсэн нь энэхүү төслөөс хүлээгдэж байсан үр дүнд хүрсэн гэж
үзэж байна хэмээлээ.