Алс баруун хязгаар Ховд аймгийн Булган сум 10000 орчим
хүн амтай. Үүний 50 орчим хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг байна. Айл гэрийн түшиг
тулгуур болсон эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг ярилцах, орон
нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг дээшлүүлэх үүднээс тус
сумын шилдэг тэргүүний 350 орчим эмэгтэйчүүд чуулжээ.
Эх үрсийн баярын босгон дээр зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн
оролцоо-Манлайлал" сэдэвт чуулга уулзалтыг Булган сумын
эмэгтэйчүүдийн зөвлөлийн "Булган хатан заяа" Төрийн бус байгууллагаас
санаачлан сумынхаа ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Тус чуулга
уулзалтанд УИХ-ын гишүүн О.Батнасан оролцож шилдэг тэргүүний зарим
эмэгтэйчүүдэд гарын бэлгээ гардууллаа.
Анх удаа зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад тус
сумын хөдөлмөр эрхлэх насны 800 гаруй эмэгтэйчүүдийн манлайлал болсон 350 орчим
эмэгтэйчүүд оролцож нэгэн өдрийг сайн сайхан амьдрахын утга учир, гэр бүл, үр
хүүхдийн төлөвшил, хүмүүжил, боловсрол, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн
оруулах хувь нэмэр гээд олон чухал сэдвээр лекц сонсож, харилцан санал бодлоо
солилцлоо.