ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт үндэсний чуулган боллоо

2017-04-12

Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулав. Чуулганд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, Орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын тухайд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч хийдэл гарч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр учир дутагдалтай байсан юм. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, улмаар УИХ-аар батлуулан 2017-ны 02-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал  гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгасан билээ.

Дашрамд дурдахад улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сард 6869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2,7 хувиар тус тус буурчээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу 2017 оны эхний 3 сард нийт 502 иргэнд аюулын зэргийн үнэлгээ хийгдэж,  730 иргэнд хохирогчийн эрх, үүргийг болон хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 79 иргэн /эмэгтэй 40, эрэгтэй 2, хүүхэд 37/-г, Түр хамгаалах байранд нийт 72 иргэн /эмэгтэй 23, эрэгтэй 4, хүүхэд 45/-ийг төрөл садан, ойр дотны хүний хамгаалалтад нийт 710 иргэн /эмэгтэй 611, эрэгтэй 10, хүүхэд 92/-ийг авч ажилласан байна. “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт үндэсний чуулганы үеэр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг цогц болгох зэрэг салбар дундын асуудлыг хөндөн санал солилцсон байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%