ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МЯНГАД СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙГ МУГЖ, АЛДАРТ ЛИМБЭЧИН МАГСАРЖАВЫН БАДАМЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2019-08-19 17:58

Мянгад сумын Соёлын төвийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, алдарт лимбэчин Магсаржавын Бадамын нэрэмжит болгосон Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны 79 дүгээр тогтоолыг сумын удирдлагууд болон соёлын төвийн эрхлэгч Ж.Баярмаад аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн өнөөдөр гардуулан өгч баяр хүргэв.


Энэхүү ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, Монгол Улсын Гавьяат жүжигчин, алдарт лимбэчин М.Бадамын үр хүүхэд, шавь нарын төлөөлөл болон сумын удирдлагууд оролцлоо.


М.Бадам 1943 онд Мянгад сумын нутаг "Алтны эх" гэдэг газар төрсөн. 1952-1962 онд бага, дунд сургууль, 1962-1966 онд Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж, хөгжимчин болсон. 1966-1992 онд УАДБЧ-д хөгжимчин 1992-1994 онд Халимаг улсад багш, хөгжимчнөөр, 1994 оноос хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байсан.

М.Бадам багшлах ажлын хажуугаар Лимбэ хөгжмийг сурахад зориулсан сурах бичиг болон олон арван ном зохиосон юм. Мөн “Хан хөхийн уянга”, “Жавахлант сүрэг” зэрэг  лимбэний гоцлол ая “Эрх ишиг”, “Шигширэгт” гэх зэрэг бүжгийн ая зохиосон байна. М.Бадам дэлхийн залуучуудын удаа дараагийн их наадмын шагнал авч дэлхийн 25 оронд айлчлан тоглолт хийжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1991 онд Монгол улсын гавъяат жүжигчин цол олгосон юм. 

Монгол лимбэ хөгжмийг дэлхийн тайзнаа сурталчилсан гайхамшигтай нэгэн төлөөлөгч Монгол Улсын Гавьяат жүжигчин Магсаржавын Бадамын намтар, бүтээл туурвилыг иргэ, олон нийтэд өргөнөөр сурталчлан, нийтийн хүртээл болгож алдар гавьяаг нь мөнхжүүлж, алдаршуулж ажиллахыг сумын Соёлын төвийн эрхлэгч Ж.Баярмаад үүрэг болгов.


2019-08-19 17:58


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд