ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2014-09-11 10:01

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд аймгийн Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.

Дээрх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, ЦАУЗБ-ын Ховд аймгийн салбар комиссын дарга Н.Бөхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх Аудитын газрын дарга Л.Галбадрах тэргүүтэй аймгийн төр захиргаа, улс төрийн намуудын удирдлага, хэлмэгдэгсдийн төрөл садан, иргэд оролцож Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

19 дэх жилдээ тэмдэглэж буй тус өдрөөр ЦАУЗБ-ын Ховд аймгийн салбар комиссоос аймгийн төв, сумдад байгаа сүм хийдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулан буяны ном хурж, зул барих, замын хөдөлгөөнд оролцож буй бүх төрлийн тээврийн хэрэгслүүд 11:00 цагаас 2 цагийн турш гэрлээ асааж хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх, ЕБС-дад 9 дүгээр сарын 10-ны өдрийн эхний цагийн хичээлийг улс төрийн хэлмэгдэл, цагаатгалын талаар хичээл заах, Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд лекц, яриа зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа.

Улс төрийн болон үндэс угсааны зэрэг олон шалтгаанаар нийгмийн гишүүдээ хэлмэгдүүлж хохироож байсан тус үйл явц Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга, тайж ноёд, лам нар, жирийн иргэд гээд 36 орчим мянган хүн өртөж байжээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан юм байна. Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсанаар өнөөг хүртэлх хугацаанд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.


2014-09-11 10:01


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд