ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Пүрэвганди: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнд анхаарах цаг болсон

2015-11-30 16:50

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаад 3 дахь жилдээ золгож байна. Манай тойргийн хувьд 2015 оны жилийн эцсээр хийхээр нэлээд ажлыг төлөвлөж биелэлт 50 орчим хувьтай байна.  Тахилт багийн 8,9-р гудамжинд концессийн гэрээгээр цэцэрлэг барихаар төсөвт тусгагдсан. Манай баг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээнээс алслагдсан  байдаг. Эдийн засгийн хямралтай холбоотой цэцэрлэг барих компани олдоогүй байна. Сөүлийн гудамжинд 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар явган хүний зам тавьсан. Тахилт багийн 8,9-р гудамж бол зай талбай ихтэй, ер нь цаашдаа манай багийн төв төвлөрөх газар гэж бид тодорхойлдог. Энд бид бүхэн Жаргалант сумын Спортын цогцолборыг бариулахаар төсөл барьсан боловч харамсалтай нь  Баатархайрхан баг руу шилжүүлж шинэ дулааны цахилгаан станцын дэргэд барихаар болсон. Энэ нь буруу төлөвлөлт юм. Нэгдүгээрт иргдээс үйлчилгээ нь холдож байгаа, хоёрдугаарт тэнд үйлчилгээ байрлах боломжгүй. Учир нь маш их утаа тортог, тоосжилт ихтэй. “Торгон нутаг” клубын тэргүүн О.Батнасантай хамтран “Дулаан гэр-Халуун сэтгэл” аяныг гэр хорооллын айлуудад хэрэгжүүлж байна. Иргэдийнхээ амьдралд бага боловч тус нэмэр болохыг хичээж байгаа.  Манай ИТХ бүтцийн хувьд сүүлийн үед өөрчлөгдсөн. Төлөөлөгчидтэйгээ байнга холбоотой байдаг, мэдээ мэдээллийг цаг алдалгүй өгдөг.

 Иргэд олон нийттэй хамтарч ажиллахад ИТХ-ын ажлын албаны тус дэм нэлээд бий. Сайхан бүтээн байгуулалтууд Ховд аймагт хийгдэж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын чанар, үр дүнд анхаарах цаг болсон. Олны санаа зовоож буй  битүү захын асуудал, Ард Аюушийн талбайн бүтээн байгуулалтын асуудал гээд анхаарал татаж буй олон хөрөнгө оруулалтууд бий. Битүү зах гэхэд л улсын болон иргэдээс нийт 4,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон боловч одоог хүртэл ашиглагдахгүй байна. Үүний улмаас иргэд л хохирч байна. Энэ асуудалд бүх шатны ИТХ, Засаг дарга нар анхаарч ажиллах нь зүйтэй. 


2015-11-30 16:50

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд