ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ХОВД АЙТЫС-2019” ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ДУУНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2019-03-18 17:57

Казак үндэстний биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, соёл, зан заншлыг сурталчлан, өвлүүлэн үлдээх зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор зохиогдож буй “Ховд Айтыс-2019” Олон улсын харилцаа дууны тэмцээн аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдаж байна.

Олон улсын харилцаа дууны тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Наурызын баяр  бол дэлхийн олон ард иргэд өвлийг өнөтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн тэмдэглэдэг олон зуун баялаг түүх, уламжлалтай цэнгүүн билээ. Энэ сайхан баяраар идээ будааны дээж дастарханаа дэлгэж хотол даяараа амар мэндээ мэдэлцэж, азай буурал, ахсакалууд, ажай буянт ээжүүд ахмад настнаа хүндлэн дээдэлж удам түүх, үнэт сургаалийг сонсч, хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, цаашдын ажил бүтээлээ хэлэлцдэг эв нэгдлийн цэнгэл баяр билээ. Та бүхэндээ Казак түмний баяр “Нарны баяр буюу Наурызын баяр”-ын чин сэтгэлийн халуун мэндчилгээг Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон болон Ховд аймгийн 88000 мянга гаруй иргэдийн өмнөөс өргөн дэвшүүлж мэндчилье гээд тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.


Тус тэмцээнд Казакстан улсын Павлодар, Караганда, Дорнын Казакстан мужийн болон Баян-Өлгий, Ховд аймгийн 30 гаруй яруу найрагч (ахын) оролцож байна. Айтыс буюу Казак ардын уламжлалт цэц булаалдааныг 3 үе шаттайгаар явуулах бөгөөд оролцогчид тухайн цаг мөчид дуугаа зохион дуулж, хэл ярианы баялаг, дууны агуулга, дуулах ур чадвараараа өрсөлддөгөөрөө бусад төрлийн харилцаа дууны уралдаанаас ялгаатай юм.

Энэхүү наадмыг зохион байгуулснаар Казакын ард түмний эх хэлний нэгдмэл байдлыг баталгаажуулах, ардын уламжлалт цэц булаалдаанаар дамжуулан ард иргэдийн нэгнээ хүндэтгэх уламжлалыг залуу хойч үеийнхэнд таниулах чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо.“Ховд Айтыс-2019” Олон улсын харилцаа дууны тэмцээн Ховд аймагт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 





2019-03-18 17:57

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд