ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2004-2008 оны Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2014-11-18 17:59

2004-2008 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

Анхдугаар хуралдаан

Аймгийн ИТХ-ын 5 дахь удаагийн сонгуулиар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 77,9 хувь нь оролцож 30 төлөөлөгч сонгогдсон байна.

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2004 оны  10 дугаар сарын 29-ний өдрийн  167 тогтоолоор  11 дүгээр сарын 3-ний өдөр  хуралдуулж  Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн дүн, аймгийн ИТХ-ын  бүрэн эрхийн тухай сонгуулийн хорооны дарга П.Батаагийн илтгэл болон зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр товлон зарлажээ.

Анхдугаар хуралдаанд 30 төлөөлөгчийн 17 төлөөлөгч хүрэлцэн ирж,  Эх орон ардчилсан эвсэлээс  сонгогдсон 11 төлөөлөгч Жаргалант сумын сонгуулийн хорооноос  аймгийн сонгуулийн 25,30 дугаар тойргийн  87,92 дугаар хэсгийн хорооны санал хураалтыг хүчингүй  болгосон  тул дээрхи  2 тойргийн асуудлыг шийдэж төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тохиолдолд хуралдаанд оролцохыг мэдэгдэж хуралдаанд ирээгүй байна.Тухайн үед төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлаар санал зөрөлдөж Эх орон ардчилсан эвсэлээс 5 удаа албан шаардлага ирүүлж,  25,30 дугаар тойргийн нэр дэвшигчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Жаргалант сумын сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгох, эвсэлээс сонгогдсон төлөөлөгчид оролцоогүй байхад анхдугаар хуралдааныг  хийхгүй байх тухай дурдсан байна.  Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс эвсэлд хуралдаанд оролцох тухай болон тавьсан шаардлагын хариу болгож 4 удаа албан тоот хүргүүлжээ.  Эх орон эвсэлийн 11 төлөөлөгчийг 1 хоног, 1 цаг 30 минут хүлээж 17 төлөөлөгчийн ирцтэй 60,7 хувийн оролцоотойгоор   хуралдааны ажиллагааг нээж Анхдугаар хуралдааны даргаар Намсрайн Дамба, нарийн бичгийн даргаар Хабайн Дарьгерхан нарыг сонгосон байна.

Хуралдаан төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж нийт 28 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай  тогтоолыг баталсан байна.Аймгийн сонгуулийн  25,30 дугаар тойргийн төлөөлөгчийн асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүртэл хойшлуулсан байна. Төлөөлөгчдийн бүрэн эрх зөвшөөрснөөр намын бүлгийг байгуулж Монгол Ардын Хувьсгалт Намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч Ц.Баасандорж томилогдсон байна.

            Дараа нь зохион байгуулалтын асуудал хэлэлцэж аймгийн ИТХ-ын даргаар Очир овогтой Ширэндэвийг сонгохоор аймгийн МАХН-ын бүлгээс нэр дэвшүүлж,  төлөөлөгч 5 хүн асуулт асууж санал хэлсэнээр илээр санал хурааж О.Ширэндэв хуралдаанд оролцсон 17 төлөөлөгчийн 94,1 хувийн саналаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  даргаар сонгогдсон байна.

Дараа нь олонхийн бүлгийн ахлагч Ц.Баасандорж 15 минутын завсарлага авч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидийг сонгох ажилд орсон ба бүлгийн дэд дарга Н.Баатарням тэргүүлэгчдэд төлөөлөгч О.Ширэндэв, Н.Дамба, Х.Дарьгерхан, Д.Батчулуун, Ц.Баасандорж, Л.Батбаяр, Н.Батаа нарын нэрийг дэвшүүлсэн байна. Төлөөлөгчдөөс  өөр санал гараагүй тул дээрхи хүмүүсийг тэргүүлэгчээр 100 хувийн саналаар баталжээ.

Хэлэлцэх асуудлын дараалалын дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалт, хууль зүйн, Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын, Хөдөөгийн бодлого, байгаль орчны, Төсвийн зарлага, санхүүжилтын хяналтын байнгын хэсгүүдийг байгуулжээ.

Хуралдаан аймгийн МАХН-ын бүлгээс  аймгийн  Засаг даргад Г.Нямдаваагийн нэрийг дэвшүүлж 5 төлөөлөгч асуулт асууж,  5 хүн санал гаргасанаар санал хурааж нийт оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн байна. 

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

"ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-20 ЖИЛ"  эмхэтгэл ном

2012 он 

Үргэлжлэлийг доорх холбоос дээр даран татаж аван танилцана уу


2014-11-18 17:59

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд