ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

1996 - 2000 оны Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

2014-11-15 20:09

1996 – 2000 ОНЫ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол улсын Их Хуралд МҮАН-МСДН, “Ардчилсан холбоо” эвсэл  олонхийн суудал авч төр засгийн эрх улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчний гарт шилжсэн түүхэн онцлог жил аймаг, сумын ИТХ-ыг сонгох сонгууль 1996 оны 10 дугаар сарын 7-ны “ Ням” гаригт явагдаж сонгуульд МАХН, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл, МУНН-ууд бие даан оролцож аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас 30, МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэлээс 30, МУНН-аас 13, бие дааж 2 хүн нэр дэвшсэнээс аймгийн ИТХ-д МАХН, МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэлээс тус бүр 17, МУНН-аас 4, бие дааж 2 бүгд 40 хүн нэр дэвшиж тэдгээрийн төлөө сонгогчид саналаа өгсөн байна.

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн төвд хуралдуулж, хуралдааныг эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Батмөнх нээж үг хэлж, анхдугаар хуралдааныг удирдах дарга, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын  төлөөлөгчөөр шинээр сонгогдсон  П.Батаа /МАХН/, Ч.Баттулга /МҮАН-МСДН/ нарыг сонгуулахаар санал оруулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар   П.Батаа, Ч.Баттулга нар тухайн хуралдааныг удирдсан байна.

            Анхдугаар хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Дэмбэрэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагва нар оролцжээ.

            Анхдугаар хуралдаанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн тухай аймгийн  сонгуулийн хорооны дарга Т.Аюушжавын илтгэл сонсож  аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон дараах нэр бүхий 30 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоолыг баталсан байна.


            1.С.Батхуяг                            ЭМН төвийн шинжээч их эмч

            2.Ч.Батчулуун                       Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга

            3.Б.Бадамцэцэг                    Статистикийн хэлтсийн дарга

            4.Ч.Цэрэнчимэд                    Аймгийн Хянан шалгах хорооны дарга

            5.А.Хишигсүрэн                     Ховд аймгийн Эм хангамжийн компаний захирал

            6.Г.Элдэвсүрэн                     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

            7.П.Батаа                               Гадаад худалдаа хангамжийн Ховд компаний захирал

            8.М.Баавдай                          Булган Түмний зам компаний захирал

            9.П.Сэсээр                             Аймгийн эмчилгээ оношлогооны төвийн захирал

            10.Д.Түмэндэмбэрэл           Дарви сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

            11.Д.Жүгдэрбарам                Аймгийн Засаг даргын орлогч

            12.С.Дамдинсүрэн                Манхан сумын Засаг дарга

            13.З.Рагчаабазар                  Мөст сумын Засаг даргын орлогч

            14.Г.Нямдаваа                       МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн захирал

            15.Ц.Даваажамбал               ХАА-н банкны захирал

            16.Д.Сандаг                           Чандмань сумын Засаг дарга

            17.Т.Батмөнх                         Аймгийн МАХН-ын хорооны дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга

            18.Л.Галбадрах                     Аймгийн МҮАН-ын хорооны дарга, МБХА-ын Ховд дахь төвийн захирал

            19.Ч.Батдэлгэр                      ХЭАА-н эзэн

            20.Д.Нямдорж                        МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн  багш

            21.О.Мөнхтогтох                   МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн багш

            22.Ч.Баттулга                         Цементийн үйлдвэрийн захирал

            23.Д.Хархүү                           Ардын аж ахуйтны холбооны тэргүүн

            24.З.Хайдав                           ХЭАА-н эзэн

            25.Ц.Бямбаа                          РЕЧ компаний менежер

            26.Б.Баярсайхан                  Буянт сумын Бүтээл компаний захирал   

            27.С.Бүрнээ                           Мөнххайрхан сумын сургуулийн багш

            28.Б.Мөнхжаргал                  Дөргөн сумын сургуулийн багш

            29.Я.Сейт                               Ховд сумын хүн эмнэлэгийн эрхлэгч

            30.Д.Таванцэрэг                    Дуут сумын сургуулийн багш

                                    Нөхөн сонгогдсон төлөөлөгчид


            1.Ч.Багдал                             Аймгийн Татварын хэлтсийн эдийн засагч

            2.Д.Цагаанбаатар                 Хувиараа хөдөлмөр эрхлэгч

            3.Д.Санжаа                            Аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч

            4.Ц.Баасандорж                    МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн  багш

Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо нь  урьд бүх шатны  ИТХ-ыг олон шаттай ил сонгох зарчмаар сонгодог байсан зарчмыг халж  Монгол улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу бүх нийтийн чөлөөтэй, шууд сонгох зарчмаар нууцаар санал хурааж, олонхийн болон хувь тэнцүүлэн сонгох хоёр зарчмыг хослуулан хэрэглэсэн нь  шинэлэг  байлаа.

Сонгуулийн дүнгийн тухай илтгэлээс товч дурдвал аймаг, сумын ИТХ-ын сонгуульд сонгогчдын 32902 буюу 73.1 хувь оролцож, аймгийн ИТХ-ын 17 тойрогт 30 төлөөлөгч сонгогдож, МАХН-аас 17, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбооны эвсэл 13 суудал авсан байна.

Сонгогдсон 30 төлөөлөгчийн 28 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй, насны хувьд  24-53, боловсролын хувьд 100 хувь дээд боловсролтой, дэд докторын зэрэгтэй 2, эдийн засагч 9, багш 7, инженер 5, хүний эмч 4, мал зүйч 3, эм зүйч болон техникч тус бүр 18, намын төлөөллийн хувьд МАХН-ын гишүүн 16, МҮАН-ын гишүүн 10, МСДН-ын гишүүн 3, нам бус 1 байжээ.

Анхдугаар хуралдаанаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулалтын асуудал хэлэлцжээ..

1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргад Т.Батмөнх, О.Мөнхтогтох нар нэр дэвшиж МАХН-аас нэр дэвшсэн Түвдэнжамба овогтой Батмөнх төлөөлөгчдийн 51.8 хувийн  саналаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсон байна.

2.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох журмын төслийг Ажлын албанаас   боловсруулж төлөөлөгчөөр хэлэлцүүлж,  төлөөлөгчдийн олонхийн саналаар баталж мөрдөж ажилласан байна.

Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр нийт 27 хүний нэрийг дэвшүүлж 2 өдөр үргэлжлүүлэн хэлэлцэж нууцаар санал хурааж, Т.Батмөнх, О.Мөнхтогтох, П.Сэсээр, З.Хайдав, Ц.Даваажамбал, Ц.Бямбаа, Д.Жүгдэрбарам нарын 7 хүн  олонхийн санал авч тэргүүлэгчээр сонгогдсон байна.

3.Аймгийн Засаг даргад Д.Загджав, Л.Галбадрах нарын нэрийг дэвшүүлж нууцаар санал хурааж 55.4 хувийн санал авсан МАХН-аас нэр дэвшсэн Д.Загджавын нэрийг Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн байна.

Анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргад 55.4 хувийн санал авсан Д.Загджавын нэрийг Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн  боловч томилохоос татгалзсан тул  аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 1996 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ховд хотод  төлөөлөгчдийн 96.6 хувийн ирцтэйгээр хуралдуулж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцсэн байна.

Аймгийн Засаг даргад МАХН-ын бүлгээс  Д.Жүгдэрбарам, МҮАН-МСДН, “Ардчилсан холбоо” эвсэлийн бүлгээс Л.Галбадрах   нарын нэрийг дэвшүүлж нууцаар санал хурааж, төлөөлөгчдийн 55.5 хувийн санал авсан Лхангаа овогтой Галбадрахыг томилж өгөхийг Монгол улсын Ерөнхий сайдад хүсэж тогтоол баталсан байна.

Аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдааныг 1996 оны 12 дүгээр сарын 25-нд хуралдуулж “Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөр, төсвийн төслийн тухай” аймгийн Засаг дарга Л.Галбадрахын илтгэл, “Аймгийн 1996 оны төсвийн бүрдүүлэлт зарцуулалтанд хийх дүгнэлт, 1997 оны төсвийн төсөлд өгөх санал, аймгийн Хянан шалгах хорооны ажлын тайлангийн тухай” аймгийн Хянан шалгах хорооны дарга Ч.Цэрэнчимэдийн мэдээлэл, “Хар ус нуур орчмыг улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар болгох тухай” аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Мөнхтогтохын мэдээлэл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоонд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж ”Аймгийн Хянан шалгах хорооноос оруулсан санал дүгнэлтийг дэмжиж тайланд үнэлт өгөх тухай”,”Аймгийн 1997 оны төсөв, 1995 оны төсвийн гүйцэтгэлийн тухай”,”Аймгийн 1996 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоолуудыг олонхийн саналаар баталж, аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг “ Төрийн байгуулалт, эрх зүйн хүрээний”, “Эдийн засгийн хүрээний”, “Нийгмийн хүрээний”, “гадаад харилцааны хүрээний” гэсэн 4 үндсэн чиглэлтэй, 19 дэд хэсэг бүхий 136 арга хэмжээ тусгасан “Хөгжлийн хөтөлбөр” нэртэйгээр баталж хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга, аймгийн нийт хөдөлмөрчдөд уриалсан байна,

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдааныг 1997 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгчдийн 83,8 хувийн ирцтэйгээр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

1.”Аймгийн 1997 оны эхний хагас жилийн  орлогын бүрдүүлэлт, төсвийн ашиглалт зарцуулалтыг  шалгасан дүнгийн тухай” аймгийн ИТХ-ын  төсөв, санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хорооны ахлагч Ц.Даваажамбалын мэдээллийг хэлэлцэж “Аймгийн 1997 оны эхний хагас жилийн орлогын бүрдүүлэлт, төсвийн зарцуулалтын дүнгийн тухай” тогтоол баталсан.

2.”Аймгийн 1997 оны төсвийн тодотголын тухай” Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн  бодлогын хэлтсийн дарга Ц.Бямбаагийн илтгэл хэлэлцэж, “Аймгийн 1997 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” тогтоол баталсан.

3.Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцэж О.Мөнхтогтох, Ц.Бямбаа нарыг намынхан бүлгийн саналаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс татаж, шинээр Ч.Баттулга, Д.Нямдорж, Г.Элдэвсүрэн нарын 3 хүнийг сонгож, 9  тэргүүлэгч бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн байна.

Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааныг 1997 оны 12 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд төлөөлөгчдийн 90 хувийн ирцтэйгээр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэж, зохих тогтоол шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж ажилласан байна.

1.”Аймгийн 1996 оны төсвийн гүйцэтгэл, 1998 оны төсвийн төслийн тухай”,”Аймгийн нийгэм, эдийн засгийн 1998 оны хөгжил, аймгийн Засаг даргын хөтөлбөрийн 1997 оны биелэлтийн тухай”,”Аймгийн 1997 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт түүнд хийх дүгнэлт, 1998 оны төсвийн төсөлд өгөх санал, Хянан шалгах хорооноос 1997 онд хийсэн ажлын тайлангийн тухай”,”Аймгийн ИТХ-аас 1997 онд зохиосон ажлын тайлан, цаашдын зорилтын тухай” илтгэлүүд,”Аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд баримтлах үндсэн чиглэл”,”1998 онд газар эзэмшүүлэх ашиглуулах, хамгаалах хөтөлбөр”, “Жаргалант сумын багийн тоог нэмэгдүүлэх шаардлага зохион байгуулалтын тухай”,”Монгол улсын Их сургуулийн одоогийн байдал хөгжлийн тухай”,”Зохион байгуулалтын асуудал” хэлэлцсэн байна.

Мөн ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийг  шоометрийг хэмжих нэгжээр элс 250 төгрөг, хайрга элс хайрганы хольц 200 төгрөг, чулуу 150 төгрөг, тоосгоны болон шавардлагын шавар 350 төгрөг, шохойн чулуу тонноор 800 төгрөг байхаар тогтоосон  байна.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус  3 дугаар  хуралдааныг 1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлөөлөгчдийн 89,5 хувийн ирцтэйгээр хуралдуулж зохион байгуулалтын асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нөхөн сонгогдсон /МАХН-ын квотаар/ Ч.Багдал, /МҮАН, МСДН-ын ардчилсан холбоо эвсэлийн квотаар/ Д.Цагаанбаатар нарын аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч  01 дугаар тогтоол гаргаж, Тэргүүлэгчээр   Ч.Цэрэнчимэд, П.Батаа нарыг сонгож  04 дүгээр тогтоолыг гаргасан байна.

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Батмөнх өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргад МАХН-аас Ц.Даваажамбалын нэрийг дэвшүүлж,   Ардчилсан холбоо эвслээс талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, төлөөлөгч   С.Бүрнээ төлөөлөгч Д.Жүгдэрбарамын нэрийг дэвшүүлсэн байна.

Төлөөлөгч Д.Жүгдэрбарам МАХН-ын улс төрийн зөвлөл бүгд хурлаар хэлэлцсэн тул би нэрээ татаж авъя гэснээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Даваажамбалыг сонгох эсэх талаар нууцаар санал хурааж, төлөөлөгчдийн 61.5 хувийн  санал авсан  Ц.Даваажамбалыг  аймгийн ИТХ-ын Тэгргүүлэгчдийн даргаар 03 дугаар тогтоолоор баталсан байна.

Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааныг 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдуулж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батчулууныг өөрийн хүсэлт, МАХН-ын хорооны саналыг үндэслэн  аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж, нөхөн сонгогдсон Д.Санжаагийн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол гаргасан байна.

 “Аймгийн ИТХ-ын 1998 оны ажлын тайлан” илтгэл хэлэлцэж аймгийн ИТХ-ын ажлын төлөвшил өмнөх жилүүдийнхээс сайжирсан байна гэж үзэж “Аймгийн ИТХ-аас зохиох ажил, цаашдын зорилтын тухай” тогтоол баталсан байна.

“Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц”-ын тухай илтгэлийг хэлэлцээд аймгийн  ИТХ дахь МАХН-ын бүлгийн нэр бүхиий 15 гишүүнээс Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны хууль, Төсвийн тухай хууль, Эрүүгийн хууль, Боловсролын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  нийт 6 хуулийн 12 заалтыг зөрчсөн дутагдлуудыг үндэс болгон аймгийн Засаг даргыг огцруулах саналыг ээлжит  4 дүгээр хуралдаанд оруулсан байна.

Аймгийн ИТХ дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслийн бүлгээс аймгийн Засаг даргыг огцруулах талаар аймгийн ИТХ дахь МАХН-ын бүлгээс гаргасан санал нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалттай нийцэхгүй байна.Иймээс огцруулах асуудлаар Ардчилсан холбоо эвслийн бүлэг аймгийн ИТХ-д оролцох боломжгүй байдалд хүрч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Аймгийн ИТХ-аас төлөөлөгч нарт  төлөөлөгчийнхөө эрх, үүргийг гүнээ ухамсарлан, хуулиа дээдэлж аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж дуустал хуралдаандаа бүрэн оролцохыг даалгаж албан бичиг хүргүүлсэн байна.

Мөн аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанд ач холбогдол өгч хэлэлцэж буй асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжийг намуудын бүлэг дээрээ ярилцаж зөвшилцөлд хүрч хариу ирүүлэхийг хүссэн албан бичгийг намын бүлгийн ахлагч нарт хүргүүлж байжээ.

Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны даргын 02 тоот захирамж гаргаж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг заалт нэг бүрээр тооцон гаргах ажлын хэсгийг  байгуулан ажиллуулсан байна.

Ажлын хэсгээс үйл ажиллагааны хөтөлбөрийн 100 хувийн биелэлтэй гэсэн 24  заалтын нэг бүрчлэн хэлэлцэж үүнээс 7 асуудалд нь 100 хувь, 1 асуудал  83,3 хувь, 3 асуудал 66,7 хувь, 13 асуудал 50,0 хувийн биелэлтэй  байна гэсэн дүгнэлт оруулж ирсэн байна.Дээрх нөхцөл байдлын улмаас аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан 1999 оны1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар завсарласан байна.

Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан хэлэлцэх асуудлаа эцэслэн шийдвэрлэж чадаагүйгээс төсвөөс санхүүждэг сум, албан газрын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирч, нийгмийн хэв журам сахиулж чадахгүйд хүрч, хөдөлмөрчдийн эрх ашиг хохирч болзошгүй байгаагаас Хурлын даргын захирамж гаргаж  аймагт олгохоор баталсан татаасаас аймгийн төвийн төсөвт байгууллага, сумдад олгох 1999 оны нэгдүгээр сарын хуваарийг урьдчилан зарцуулахыг төсвийн ерөнхийлөн захирагчдад зөвшөөрч байжээ.

1999 оны 02 дугаар сарын 05-ны өдөр аймгийн ИТХ дахь нам, эвслийн бүлгийн  хооронд зөвшилийн гэрээ байгуулсан байна.Үүнд:

1.Ховд, Дуут, Цэцэг сумын ИТХ-ыг 1999 оны 2 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд хуралдуулж Засаг даргад нэр дэвшүүлэх, нэр дэвшсэн хүнийг 2 сарын 10-ны дотор томилох

2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Газрын албаны дарга нарыг 2 дугаар сарын 8-ны дотор, Засаг даргын орлогчийг ИТХ-ын хуралдааны үеэр МАХН-ын гишүүн боловсон хүчнээр томилох

3.Дарви, Мянгад болон бусад сумын Засаг даргын тухай асуудлыг тухайн сумын ИТХ-ын шийдвэрийг харгалзан шийдвэрлэх, аймгийн Засаг даргын Тамгын газар болон ИТХ-д шинээр боловсон хүчин авахдаа намууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж байх

4.Энэ гэрээг дараагийн сонгууль хүртэл дагаж мөрдөнө.Энэ хугацаанд хууль зөрчсөнөөс бусад асуудлаар аймгийн удирдлагын тухай асуудлыг нам, эвслийн бүлгүүд хөндөхгүй болно гэжээ.

Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан 1999 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үргэлжлэн хуралдаж   ”Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 1999 оны зорилт, төсвийн төсөл, 1997 оны төсвийн гүйцэтгэл”, “Хянан шалгах хорооны жилийн ажлын тайлан, 1998 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хийх дүгнэлт, 1999 оны төсөвт өгөх санал” гэсэн илтгэлүүдийг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

  Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцад дүгнэлт өгөх асуудалд нам, эвслийн бүлгийн саналын зөрүүгээс шалтгаалан хуралдаан тодорхойгүй хугацаагаар бас дахин хойшлогдсон байна.

1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан төлөөлөгчдийн 85,1 хувьтай хуралдаж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хангалттай, дунд, хангалтгүй гэж үнэлгээ өгөхөөр тохиролцож асуудлыг хэлэлцэж  аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хангалттай биш хэрэгжиж байна гэж үзсэн “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, явцын тухай” тогтоолыг баталсан байна.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөлөгчдийн 85,1 хувийн ирцтэйгээр хуралдуулж “Аймгийн 1999 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн  бодлогын хэлтсийн дарга Ц.Бямбаагийн илтгэл хэлэлцэж “Аймгийн 1999 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг санал нэгтэй баталсан байна,

Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдааныг 1999 оны 12 дугаар сарын 24-нд төлөөлөгчдийн 76,6 хувийн ирцтэйгээр  хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

1.Аймгийн анхны бэлгэ тэмдэг “Аймгийн далбаа батлах тухай” тогтоол гаргаж, тогтоолдоо “Далбаа”-г үйлдэх, дүрслэх, хэрэглэх журам тогтоон мөрдүүлж ажиллахыг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгаж байжээ.

2.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1999 оны ажлын тайлан, нутгийн удирдлагын тулгамдсан зарим асуудлын тухай аймгийн ИТХ-ын Ттэргүүлэгчдийн даргын илтгэлийг  хэлэлцэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид үйл ажиллагаандаа шударга ёс, эв нэгдэл, хууль дээдлэх зарчим баримтлан нутгийн удирдлагын сонгуультан нарын сургалт зохион байгуулан, тэдний мэргэжлийг  дээшлүүлж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд ахиц гарган, төлөвлөсөн асуудлаа хэрэгжүүлж, дотоод ажил нь тогтмолжин, хурлын хэвийн тасралтгүй байнгын ажиллагаа хангагдсан байна гэж дүгнэж “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тайлангийн тухай” тогтоол баталсан байна.

3.”Аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2000 оны зорилтын тухай” аймгийн Засаг даргын илтгэлийг хэлэлцэж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг улирал тутам тооцож мэдээлэх, төр, засгийн хууль тогтоомж, өөрийн гаргасан шийдвэрийн биелэлтийг дүгнэх асуудалд хангалтгүй ажиллаж байгааг анхаарч ажиллахыг зөвлөж, “2000 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай” тогтоол баталж, 2000 оныг  аймгийн хэмжээнд “Эмэгтэйчүүдийн хөгжлийн жил” болгон зарласан байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг товч үзүүлбэл:

Үзүүлэлт

1997 онд

1998 онд

1999 онд

1

Бүрэн хэрэгжсэн

15

24

24

2

Хэрэгжих шатандаа

74

87

87

3

Хүлээгдэж байгаа

47

3

1

4

Тухайн оны биелэлтийн хувь

65,4

97,3

98,7

5

Хуралдаанаас өгсөн үнэлэлт

хангалттай

хангалттай

хангалттай

 

4.Аймгийн 1998 оны төсвийн гүйцэтгэл, 2000 оны төсвийн тухай аймгийн Санхүүгийн хэлтсийн даргын илтгэлийг хэлэлцэж Монгол улсын Төсвийн тухай хуулийг үндэслэн “Аймгийн 2000 оны төсөв, 1998 оны төсвийн гүйцэтгэлийн тухай” тогтоол гаргасан байна.

Энэ хуралдаанаас  улс төрийн намуудын төлөөлөл тус бүрт 100,000 төгрөгөөр бодож намуудыг санхүүжүүлэх тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталж байсан онцлогтой.

5.Аймгийн Хянан шалгах хорооны тайлан, 1998 оны төсөвт хийх дүгнэлт, 2000 оны төсвийн төсөлд өгөх саналын тухай аймгийн Хянан шалгах хорооны даргын илтгэлийг хэлэлцэж төсвийн хөрөнгөөр өндөр үнэтэй үндсэн хөрөнгө бэлтгэсэн, бусдад зээлдүүлж ашиглуулсан, байгууллага, иргэдэд хандивласан, сурталчилгаа хийлгэсэн, батлагдаагүй зардлыг санхүүжүүлсэн сум, төсөвт байгууллагын төсвийн захирагч, санхүүгийн ажилтан нарт хүлээлгэх хариуцлагыг чангатган дахин давтуулахгүй байх талаар  зохих ажлыг эрчимжүүлэх үүргийн аймгийн Засаг даргад өгч, “Аймгийн Хянан шалгах хорооны тайлан, дүгнэлт, саналын тухай” тогтоол гаргасан байна.

Хуралдаан зохион байгуулах бүрт Ажлын албанаас тухайн хуралдааны онцлог, хэлэлцэж байгаа асуудалтай уялдуулан “Хуралдааны дэг” боловсруулж  хуралдаанаар хэлэлцүүлэн  батлуулан ажиллаж Хуралдаан удирдах дараалалыг боловсруулан мөрдөж  уламжлал болгосон  байна.

Бүрэн эрхийн хугацааны 1997 онд Тэргүүлэгчдийн хурлыг 18 удаа хийж 92 асуудал хэлэлцэн 160 гаруй заалт бүхий 53 тогтоол, 20 гаруй заалт бүхий протокол гаргаж, 30 гаруй сум, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарын илтгэл сонсгол мэдээлэл хэлэлцэж шийдвэрлэж 126 заалтыг биелүүлж ажилласан байна.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн  асуудлаас дурдвал:

1997 оныг бүх нийтийн соёлжилтын жил болгож   сумын Засаг даргын Тамгын газар, баг, албан байгууллага, айл, өрхийн хийж гүйцэтгэсэн байх ажил, зохиосон ажлын үр дүнгээр сум шалгаруулах болзлыг сурталчилан биелүүлэхэд холбогдох байгууллага, хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлж хяналт тавьж ажиллахыг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нарт зөвлөж 06 тоот тогтоол гаргасан байна.

Ажилгүйдлыг бууруулах 1996-2000 оны хөтөлбөрийг баталж ажилгүйдлыг зохих хувиар бууруулжээ,

Аймагт энэ оны сүүлийн саруудад сахилга хариуцлага зарим талаар суларч, өмч хөрөнгө үрэгдэж, гэмт хэрэг өсч, архидан согтуурах явдал ихсэж, нэн ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүд хүчирхийлэлд автах нь олонтоо болж, иргэдийн амгалан тайван амьдрах эрх ашиг хохирох үзэгдэл газар авах хандлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан аймгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагын ажилтны аймгийн зөвлөгөөн зохион байгуулах тухай хэлэлцэж “ Төр, засаг хууль хяналтын байгууллагын ажилтны аймгийн зөвлөгөөнийг” 1997 оны 6 дугаар сарын  25-нд зохион байгуулахаар 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот тогтоол гаргаж, зохион байгуулах комиссыг аймгийн Засаг дарга Л.Галбадрахаар ахлуулан байгуулсан байна.

Тус зөвлөгөөнийг 1997 оны 06 дугаар сарын 25-26-ны өдөр зохион байгуулж “Аймгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тэдгээрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын тухай”- аймгийн Засаг дарга Г.Галбадрахын илтгэл хэлэлцэж, аймгийн прокурор Т.Хадхаан, ерөнхий шүүгч Д.Тайванхүү, Хянан шалгах хорооын дарга Ч.Цэрэнчимэд, Цагдаагийн хэлтсийн дарга З.Сайжрах, Төрийн өмчийн төлөөлөгч Ч.Баттулга нарын хавсралт мэдээлэл сонсжээ.

Аймгийн Засаг дарга Л.Галбадрах “Аймгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тэдгээрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын тухай” илтгэлдээ:

1.Шүүхийн практик судлал прокурорын санал дүгнэлт, цагдаагийн байгууллагын мэдээ судалгаанд тулгуурлан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах бууруулахад чиглэгдсэн ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж хэвшүүлэх

2.Хуульчдын хүчийг нэгтгэх замаар эрх зүйн сургалт, сурталчилгааг оновчтой үр нөлөөтэй арга хэлбэрээр явуулах

3.Тодорхой төрлийн гэмт хэрэг тухайлбал хувийн болон нийгмийн  өмчийг хулгайлах ашиглах завших, иргэдийн амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан хөтөлбөр гаргаж ажиллах

4.Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх төрлийн тээврийн хэрэгслэлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тавих хяналтыг хүчтэй болгож, техникийн хувьд бүрэн бус улсын тоо бүртгэлд ороогүй улсын дугааргүй болон зохих бичиг баримтгүй эсвэл жолоодох эрхгүй, архи үнэртүүлсэн хүмүүсийг тээвэрийн  хэрэгсэл жолоодох хөдөлгөөнд оруулахыг таслан зогсоох

5.Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор албан байгууллага, аж ахуйн нэгжид 7 хоног тутам, сумдын Тамгын газраас 2 долоо хоног тутам нэг удаа хууль тогтоомж, бодлого шийдвэр сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах  зэрэг зорилт дэвшүүлжээ.

Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга н.Сангирагчаа, 17 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нар болон аймгийн. төр захиргаа хууль хяналтын байгууллагуудын ажилтан, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгчид, пүүс компаний эзэд нийт 227 хүн оролцсон байна.

Зөвлөгөөнөөс  “Сахилга хариуцлага, дэг журам сайжруулах талаар”  хөтөлбөр гаргаж баталсан байна.

Зөвлөгөөний үйл ажиллагааг орон нутгийн радиогоор шууд дамжуулж иргэдэд хүргэж байсан байна.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монголын төр нийгмийн зүтгэлтэн, Улсын бага хурлын дарга агсан Лосолын Лааганы мэндэлсний 110 жилийн ой  зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

Аймгийн нийгэм, эдийн засгийн  гол асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой Ховд хот, Мянгад сумыг ОХУ-ын цахилгаан дамжуулах шугамтай холбох ажлыг онцлон анхааран ажилласны дүнд  мөн оны 10 дугаар сарын эхний 10 хоногт амжилттай холбож чадсан байна.

Сонгуулийн эрхийн хугацаанд төрийн дээд шагналаар шагнуулахаар ирүүлсэн тэргүүний хүмүүсийн тодорхойлолт материалыг хэлэлцэж Ерөнхийлөгчдөд өргөн мэдүүлж байсан.

1997 онд төрийн дээд шагналаар  5 хүн, үүний дотор Хөдөлмөрийн баатар цолоор 1, Алтан гадас одонгоор 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 2 хүн. 1998 онд  Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 1 хүн шагнагдаж, Монгол улсын сайн малчнаар 1 хүн, 1999 онд  Гавъяат багшаар 1, соёлын гавъяат зүтгэлтнээр 1,  Алтан гадас одонгоор 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар 2, улсын сайн малчинаар 1 хүн тус тус шагнагдсан байна.

Аймгийн  дүнгээр 1998 онд эхийн нэгдүгээр одонгоор 60, хоёрдугаар одонгоор 235 нийт 345, 1999 онд нэгдүгээр одонгоор 656, хоёрдугаар одонгоор 209 нийт 274 эх шагнагдаж байсан.

1997 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд цахилгааны шугам тасарсаны улмаас  Ховд хотод аваарын байдал бүрэлдэн тогтсонд зарчмын дүгнэлт хийж өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх болоод нэгэнт буй болсон аваарын байдлыг түргэн шуурхай арилгах зорилго бүхий үйл ажиллагаатай байнгын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож Монгол улсын иргэний хамгаалалтын хуулийн дагуу удирдлага зохион байгуулалтын нэмэгдэл арга хэмжээ авч ажиллаж, Ховд хотод өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам ашиглахтай холбогдуулж 1997-1998 оны өвлийн улиралд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож ажиллах тухай 49  дугаар тогтоол гаргаж байжээ.

Өвөлжөөний зарим бүс нутагт цас их орж зудын байдалд орсноос нийт малын 30 шахам хувь хаваржааны нутаг бэлчээрт өвөлжсөний дээр өнгөрсөн зун, намар олонх сумын нутаг гантай, гандуу байснаас ирэх  хавар мал төлийн хорогдол нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан мал төлийг хорогдол багатай хаваржуулах арга хэмжээний тухай 09 тоот тогтоол гаргасан  байна.

Мөст сумын 10 жилийн сургуулийг түүхийн ухааны доктор Д.Гонгорын нэрэмжит  сургууль болгох, Баруун монгол түүний хил зэргэлдэх нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл сэдэвт олон улсын  эрдэм шинжилгээний бага хурал болон Аймгийн ИТХ-аас 2000 он хүртэл нийгэм эдийн засгийн талаар баримтлах чиглэл бодлого боловсруулах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг, Улс төрийн хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан манай улс төрийн нэр зүтгэлтэн С.Лааганы мэдэлсэний 110 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах комисс, аймгийн Байгаль орчныг хамгаалах олон нийтийн зөвлөл, Монгол улсад хяналтын байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойг аймагт зохион байгуулах  комисс, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх аймгийн салбар зөвлөл, аймгийн эдийн засаг, нийгэм байгаль орчны аймгийн хороо зэргийн байгуулан ажилуулсан байна.

1998 онд Тэргүүлэгчдийн  хуралдааныг 12 удаа зохион байгуулж аймгийн мөнгөний бодлогын талаар 1998 онд баримтлах үндсэн чиглэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн хэмжээнд зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний ажиллах журам, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай, ”Ногоон хувьсгал” дэд хөтөлбөр, Түгээмэл амаржуулагч хийдийн тухай, байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар авах арга хэмжээний тухай, Булган сумын “Дашпандлин”, Дарви сумын “Эрээгэмбэл”, Мянгад сумын “Дэжид Чоймплин”, Манхан сумын Дашгонзиглон  сүм хийдийг ажиллуулах зөвшөөрөл олгох тухай, архидан донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх “Энэрэл” тасаг ажиллуулах тухай, Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Цамбагарав уулыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай, аймгийн ИТХ-д “Нийгмийн бодлогын“, “Төрийн буайгуулалт, ёс зүйн”, “Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын” гэсэн байнгын хэсэг ажиллах тухай, Ардчилсан хөдөлгөөний ойг жил бүрийн 12 дугаар сарын 07-ны өдөр тэмдэглэж байх тухай нийт  37 тогтоол гаргасан байна.

1999 онд Тэргүүлэгчдийн хураалдааныг 14 удаа зохион байгуулж 41 тогтоол гаргасан бөгөөд Байгаль орчныг нөхөн сэргээх даалгавар, агнах ан амьтны тоо, аймгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах дэд хөтөлбөр, Ойрдын их соён гэгээрүүлэгч Равжамба Заябандид Намхайжамцын мэндэлсний 400, тод бичиг зохиогдсоны 350 жилийн ойг тохиолдуулан Баруун бүс нутгийн “Алтайн унага” их наадам зохион байгуулах, аймгийн ИТХ-ын шагналын дүрэм, Жаргалант суманд нэг баг нэмж байгуулах тухай, бургас хамгаалах зарим арга хэмжээний тухай, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай, малын эрүүл мэнд дэд хөтөлбөр зэргийг баталж ажил хэрэг болгож ажилласан байна.

2000 онд  Тэргүүлэгчдийн хуралдааныг 18 удаа хуралдуулж 77 тогтоол гаргаж Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг данснаас хасах тухай, аймгийн Далбааг дүрслэх, үйлдэх, хэрэглэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн ажиллах, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох хяналт тавих   журам, “Цагаан хувьсгал”, “ Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх”,”Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэгргээс урьдчилан сэргийлэх”, “Бүтээмж дээшлүүлж чанар сайжруулах” аймгийн дэд хөтөлбөрүүд, Нийтийн мэдээллийн төв байгуулах тухай зэрэг тогтоол шийдвэрүүдийг гаргуулж аймгийн Засаг даргад хүрхгүүлж хэрэгжүүлж ажилласан байна.

Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт: Аймгийн хэмжээнд 1996-1998 онд төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс 24 тэрбум, хөрөнгө оруулалтын хамтын сангаас 161.2 сая, гадаадын тусламж, төслөөр 88.1 сая, сум хөгжүүлэх сангаас 40.0 сая бүгд 3712.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Аймгийн хэмжээнд 1997 онд  үйлдвэр аж ахуйн газрууд 1507.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1520,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, барилгын гүйцэтгэгч байгууллагууд  13 объектод 3255.3 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 8 объектод 2567.2 төгрөгийн үндсэн фонд бүхий барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан байна.

1998 онд Тээврийн байгууллагууд 8.4 сая тн/км-ын ачаа эргэлт хийж, 568.0 мян/ тн ачаа тээж 299.9 сая төгрөгийн орлогтой ажиллажээ.

Мал тооллогоор 1997 онд 1926,5 мянган мал тоологдсоноос сүргийн бүтцэд үндсэн сүргийн хээлтэгч 48.9 хувь буюу 843.4 мянган хувийн жинтэй, нийт мал сүргийн 95.7 хувь буюу 1845 мянга нь амины аж ахуйд, 4.3 хувь буюу 81.4 мянга нь үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагад тооллогджээ.  1998 онд 1795.8 толгой мал тоолуулснаар малын тоо урьд оныхоос 28425 толгой буюу 1.5 хувиар буурсан байна. Нийт мал сүргийн 26.1 хувь буюу 469.7 мянга нь өсвөр мал, 27.4 хувь буюу 493.0 мянган нь тэр жилийн төл, 1.0 хувь  буюу 17.7 мянга нь хээлтүүлэгч, 45.4 хувь буюу 815.4 мянга нь хээлтэгч мал байжээ.

 Газар тариалангийн хувьд 1997 онд 2344.6 га-д тариалалт хийж 1.2 мянган тн үр тариа, 3.1 мянган тн төмс, 1.6 мянган тн хүнсний ногооны ургац авч байсан бол 1998 онд Засгийн газрын “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж аймгийн хэмжээгээр 1371.8 тн үр тариа, 6691.7 тн төмс, 3019.6 тн хүнсний ногоо, 14.3 тн жимс, жимсгэнэ., 35.5 мянган тн хадлан, 571.3 тн гар тэжээл бэлтгэж авсан байна.

Аж үйлдвэрийн салбар 2.2 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Барилгын салбар 2280.0 гаруй сая төгрөгний өртөгтэй барилга угсралтын ажил гүйцэтгэж, 172,0 сая төгрөгийн өртөг бүхий  12 айлын орон сууц, 46,0 сая төгрөгийн өртөг  бүхий  шатахуун түгээх станц, 186.0 сая төгрөгний өртөгтэй Тээлийн голын гүүр зэргийг ашиглалтанд орууллаа.

Буянт суманд гурилын үйлдвэр ашиглалтанд орж, ноос ноолуурын фортуна үйлдвэр тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлаа амжилттай дуусгасан байлаа.

Аймгийн хэмжээнд сургуулийн насны хүүхдийн 65.5 хувь нь сургуульд хамрагдаж 1996-1997 оны хичээлийн жилд  22 сургуульд 15766 сурагч сурч, 1263 багш ажилчид ажиллаж, 23 цэцэрлэгийн 36 бүлэгт 1794 хүүхэд хүмүүжиж,  Чандмань, Буянт, Алтай, Мөнххайрхан сумдын 10 жилийн сургуулийг 10 жилийн дунд сургууль болгож, аймгийн төвд 10 жилийн IY сургуулийг ахлах сургууль  болгож, мэргэжил олгох техникийн дунд сургуулийг байгуулсан байна. МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд 10 мэргэжлээр 330  оюутан  элсүүлж, анх удаа бүрэн хүчин чадлаараа буюу 742 оюутан суралцуулсан бол ХААИС-ийн Алтайн бүсийн салбар сургуульд 9 мэргэжлээр 223 оюутан суралцсан байжээ. 

Аймгийн 16 эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт 134 их эмч, 138 бага эмч, 213 сувилагч,  хувийн хэвшлийн 5 эмнэлэг, 1 эмийн сан ажиллаж, эхчүүдийн амрах байрыг сум бүрт бий болгож, 10 сумын эхчүүдийн  амрах байрыг ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулж, жирэмсэн эхчүүдийг эмнэлгийн машинаар авч, амрах байранд үнэ төлбөргүй байлгаж, амаржсаны дараах сумын Засаг дарга шинэ иргэнийг ёс төртэйгээр гэрт нь хүргэдэг журам тогтоогоод үндсэндээ хэвшсэн байна.    0-1 насны хүүхдийн эндэгдэл  урьд онд 122 байсан бол 83 болж, эхийн эндэгдэл 8 байсан бол 4 болж буурсан байна.

Сумдын эмийн санг эмнэлгийнх нь харъяанд шилжүүлж, 2,0 сая төгрөгийн  эмийн эргэлтийн сан байгуулах шийдвэрийг гаргаж үйл ажиллагаа эхэлсэн байна.

НҮБ-ын хөгжлийн  хөтөлбөрийн төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллуулж, НҮБ-ын шугамаар 6 төсөл хэрэгжүүлсэн байна. “Тогтвортой хөгжил-XXI зуун” төслийг  амжилттай боловсруулж нийгмийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан.

Бүтээн байгуулалтаар : Гаалийн байгууллагын материаллаг бааз бэхжиж, барилга байгууламжийн иж бүрэн цогцолбор ашиглалтанд орсон, аймгийн төв, Мянгад сумыг ОХУ-ын Крансноярскийн цахилгаан дамжуулах шугамтай холбогдсон,  Манхан, Чандмань  сумын Хүн эмнэлэг, Манхан сумын Усан цахилгаан станц, Өмнөговь-Мянгад, Ховд, Сагсай сумын цахилгаан дамжуулах шугам, 7 сумын авто машиныг шинэчилсэн байна.

Тусэрхийн хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 1997 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн Ням гаригт явагдсан байна.

 Сонгуулийн тойргийн хорооны даргаар   аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Элдэвсүрэн, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орлогч дарга Т.Аюушжав, гишүүдэд МУИС-ийн харъяа Ховд дахь салбарын багш М.Ганболд, Холбооны газрын дарга Т.Ядамсүрэн, Цагдаагийн хэлтсийн дарга З.Сайжрах, Мэргэжлийн хяналтын албаны дарга Ч.Батдэлгэр,  Жаргалант сумын Засаг дарга Б.Борхүү, Ардын хянан шалгах хорооны ажилтан Х.Идэш , ХАА-н их сургуулийн харъяа сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багш А.Оюунчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн түшмэл Ц.Оюунцэцэг нар ажиллаж байсан байна.

Ховд аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 41991 сонгогч бүртгэгдсэнээс 37710 сонгогч буюу сонгогчдын 89.8 хувь нь санал   хураалтад оролцсон байна. Н.Багабанди 27202 буюу 72.1%, П.Очирбат 7642 буюу 20.2%,  Ж.Гомбожав 1733 буюу 4.6% санал авч байжээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1997 оны 11 сард  ажлын айлчлал хийж,  ард иргэдтэй уулзалт хийж хэлсэн үгэндээ Монгол улсыг бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалыг чухалчлан дурьдаад өрнөд бүс нутгийн цаашдын хөгжилд Ховд аймаг бодит түлхэц үзүүлэх чадавхи, боломжтойг онцлон тэмдэглэсэн байна.

Аймгийн ИТХ, Засаг дарга, хууль, хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой аймгийн удирдлагын зөвлөлийг  9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж, аймгийн Засаг дарга төр, захиргааны байгууллагын ажлын  шуурхай байдлыг хангах, тэнд ажиллагсадын мэдлэг боловсрол, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх үндсэн дээр бүтцийн шинэчлэлтийг хурлын байгууллагатай хамтран хийж аймгийн Засаг даргын Тамгын газар 5 хэлтэстэй байсныг 3 хэлтэстэй болгож, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий 11 ангентлагатай байхаар  зохион байгуулж ажилласан.


Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

"ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-20 ЖИЛ"  эмхэтгэл ном

2012 он 


2014-11-15 20:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд