ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

1992-1996 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2014-10-30 20:52

1992-1996 ОНЫ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 оны 8 дугаар сарын 25-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн тул нутгийн удирдлагын аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн Иргэдийн Нийтийн Хурал гэсэн шинэ тогтолцоо бий болж тус хуулийн дагуу аймаг, сум, багийн хурлууд зохион байгуулагдаж эхэлжээ.

Багийн ИНХ-ыг сумдын урьд нь ажиллаж байсан хурлын болон захиргааны Тэргүүлэгчид хариуцан нийт өрхийг хамруулан хийлгэж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, ИНХ-ын тэргүүлэгчид сонгох, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох асуудлуудыг  хэлэлцүүлэн шийдвэрлэсэн байна. 

Аймгийн хэмжээнд 84 багтай байсан бөгөөд багийн Засаг даргад 84 хүн нэр дэвшсэнээс боловсролын хувьд дээд 18, тусгай дунд 42, бүрэн дунд 9, намын харъяаллын хувьд МАХН-ын гишүүн 44, МоАН, МСДН, МНН, МҮДН тус бүр 1, нам бус 36 хүн байжээ.

Багийн  ИНХ-аас сумын ИТХ-ын төлөөлөгчид сонгох асуудал хэлэлцэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу баг бүрээс 5 хүн, нийт 84 багаас 17 сумын ИТХ-д 420 төлөөлөгч сонгогджээ. Сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгчид, Тэргүүлэгчдийн дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн байдаг. Аймгийн нийт 17 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр 119, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 17, аймгийн ИТХ-д 16 сумаас тус бүр 3, Жаргалант сумаас 5, бүгд 53 төлөөлөгч сонгогджээ. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчийн даргаар сонгогдсон 17 хүний хувьд 8 нь ХАА-н компаний ерөнхий захирал, 4 нь сургуулийн захирал, 5 нь аль нэг үйлдвэр, байгууллагын дарга, эрхлэгчид байсан байна. ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын хувьд 9 нь урьд өмнө нь АДХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс сонгогджээ. Сумын Засаг даргаар нэр дэвшсэн хүмүүсийн 11 нь урьд нь сумын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан бөгөөд Алтай, Үенч, Чандмань, Эрдэнэбүрэн, Ховд, Жаргалант сумын Засаг дарга нар шинээр сонгогдсон байна.

Аймгийн ИТХ-ын 1992-1996 оны эрхийн хугацааны Анхдугаар хуралдааныг 1992 оны 10 дугаар сарын 07-нд хуралдуулж ИТХ-ын 53 төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, зохион байгуулалтын асуудлууд хэлэлцжээ. Анхдугаар хуралдааныг аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ё.Мааяа нээж үг хэлж анхдугаар хуралдааны дарга, нарийн бичгийн дарга сонгох санал дэвшүүлэхэд төлөөлөгч Д.Найдан Анхдугаар хуралдааны даргаар төлөөлөгч Д.Пүрэвдорж, нарийн бичгийн даргаар төлөөлөгч Ц.Ууган нарыг нэр дэвшүүлснийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлан ажиллуулжээ.

Анхдугаар хуралдаанд 53 төлөөлөгч оролцохоос 51 төлөөлөгч оролцож, М.Баавдай өвчтэй, Чу.Батнасан Улаанбаатар хот ажлаар яваа учир оролцоогүй, ирц 96,2 хувьтай, урилгаар 47 хүн оролцсон байна. Анхдугаар хуралдааны редакциар төлөөлөгч Б.Намжил, Чо.Батнасан, нарийн бичгийн даргаар эдийн засаг хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Ганбаатар, ХАА-н хэлтсийн мэргэжилтэн Ж.Сэмжид, хурал захиргааны хэлтсийн зохион байгуулагч Л.Батбаяр нар ажиллажээ.

Анхдугаар хуралдааны дарга хуралдаанаар хэлэлцэх асуудал, дотоод журам, дэгийг хэлэлцүүлэн батлуулсны дараагаар мандатын комиссын даргаар Л.Галбадрах, Т.Сорогжав, Ж.Оролмаа нарыг батлуулах санал оруулж төлөлөөгчдийн 100 хувийн саналаар I/01 тогтоолоор баталж, мандатын комиссын дарга Л.Галбадрах аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг хэлэлцүүлж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 53 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрчээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл 7,5 хувь нь малчин, 86,8 хувь нь удирдах ажилтан, төлөөлөгчдийн 46 буюу 86.8 хувь нь МАХН-ын гишүүн, 1 буюу 1.9 хувь нь МоАН-ын гишүүн, 1 буюу 1.9 хувь нь МСДН-ын гишүүн, 5 буюу 9.4 хувь нь нам бусчууд байна. Боловсролын хувьд 79.2 хувь нь дээд, 9.4 хувь нь тусгай дунд, 11.3 хувь нь бүрэн дунд, 1.9 хувь нь бага боловсролтой, төлөөлөгчдийн 7.5 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 39.6 хувь нь урд нь ямар нэгэн шатны хуралд депутатаар сонгогдож байсан хүмүүс байсан байна.    

Анхдугаар хуралдааны тооллогын  комиссын даргаар П.Төмөрөө, нарийн бичгийн даргаар Ц.Пүрэв, төлөөлөгчөөр Ш.Түмэнжаргал, Б.Содномдаржаа, Ш.Бира нар ажиллажээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Т.Батмөнхийг МАХН-аас нэрийг нь дэвшүүлж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгож, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Г.Элдэвсүрэн, Ё.Мааяа нарын нэр дэвшигдэж, санал хураалтанд 51 төлөөлөгч оролцож хүчинтэй 50 саналын хуудаснаас Г.Элдэвсүрэнгийн төлөө 32, Ё.Мааяагийн төлөө 18 хүн санал өгч, олонхийн санал авсан Г.Элдэвсүрэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогджээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Д.Баатарчулуун, Ё.Мааяа, А.Аман, Г.Элдэвсүрэн, Д.Жүгдэрбарам, Т.Батмөнх, Л.Галбадрах, Я.Сэнгэдорж нарын 8 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авч 7 төлөөлөгч тэргүүлэгчээр сонгогдож, цөөн санал авсан Я.Сэнгэдорж тэргүүлэгчээр сонгогдож чадаагүй байна.

Аймгийн Засаг даргад Тая овогтой Даваажавын нэр дэвшиж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэж Монгол улсын Ерөнхий сайдад уламжлагдан батлагджээ.  

Мөн энэ хуралдаанаас Ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Агвааны Базарсад Жаргалант сумын Засаг даргаар томилогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол гарчээ.

Аймгийн ИТХ-ын 2-р хуралдаан 1993 оны 1 дүгээр сарын 29-нд хуралдаж ирвэл зохих 53 төлөөлөгчөөс ирсэн 47, өвчтэй 1, алс ажлаар яваа 5, ирц 88,7 хувь, урилгаар 62 хүн оролцсон байна. ИТХ-ын дарга Т.Батмөнх хоёрдугаар хуралдааныг удирдах даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Зэрэг сумын Засаг дарга П.Төмөрөө, нарийн бичгийн даргаар төлөөлөгч, Дөргөн сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Удвал нарыг сонгох санал оруулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгож баталснаар хурал удирдсан байна. Хоёрдугаар хуралдааны редакциар төлөөлөгч Чо.Батнасан, Ц.Бөхөө, нарийн бичгийн даргаар эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төрөө, И.Дамиран, засаг захиргааны хэлтсийн зохион байгуулагч Л.Батбаяр нар ажиллажээ.

Хуралдаанаар:

1.Аймгийн эдийн засаг, нийгмийн одоогийн байдал, Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Ховд аймагт хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл зорилтын тухай

2.Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай асуудлуудыг аймгийн Засаг дарга Т.Даваажав хэлэлцүүлж холбогдох заалт бүхий тогтоолууд гарч хэрэгжжээ.  Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт аймгийн эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулах, хөгжлийн хэтийн хандлагыг тодорхойлох бодлого, чиглэл гэсэн зорилт дэвшүүлж хүн амын хүнс тэжээлийн нөөц, экспортыг нэмэгдүүлэх талаар тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг дэмжих бодлого явуулж тэдэнд зээлийн болон татварын хөнгөлөлт үзүүлэх, гадаад худалдаа хийх эрх олгох, аж ахуйн нэгж үүсгэж зохион байгуулагдах нөхцөл бололцоо бүрдүүлэхэд нь туслах арга хэмжээ авна гээд үүнд: эхний ээлжинд нутгийн шилмэл омгийн мал өсгөн үржүүлж жишигт тохирсон хээлтүүлэгч мал өсгөн үржүүлж буй, аймаг, сумын төвийн сүүний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавин ажиллаж буй, гахай шувуу, зөгий үржүүлж буй, өөрөө гурил үйлдвэрлэж байгаа болон зах зээлээс олж хангаад талх, нарийн боов үйлдвэрлэж буй, аймгийн үр тарианы үйлдвэрлэлд тодорхой хувь нэмэр оруулахуйц үр тариа тариалж буй, төл сонгино, сармис, нарийн ногооны үр үржүүлж буй, гэрийн мод тавилга, бүрээс үйлдвэрлэж буй, цагаан ултай гутал, монгол гутал, хүүхдийн гутал, хувцас үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг илүүтэй урамшуулах арга хэмжээ авна гэжээ. Мөн газар тариалан, хүнсний ногоо, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл бий болгох зорилтуудыг дэвшүүлснээс гадна хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хувьд Увс аймгийн Өмнөговь сумаас аймгийн төв хүртэл 120 гаруй км урттай 110 кВт-ийн өндөр хүчдэлийн шугам, Жаргалант сумын 110/6 кВт-ийн дэд станцыг 1993 онд багтаан барьж ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системтэй холбох замаар эхний ээлжинд аймгийн төвийг цаашлаад Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад сумыг цахилгаанаар найдвартай хангах зорилт дэвшүүлжээ. Үүний тулд Ховд аймгийн төвд эрчим хүчний барилга угсралтын трестийг байгуулан ажиллуулах, барилга материалын үйлдвэрийн “Тулга” компанид төмөр бетонон тулгуур, шон үйлдвэрлэдэг технологийн шугам тавих, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барихад шаардагдах мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж хангах, хэрэгцээт материал тоног төхөөрөмж худалдан авахад ХАА-н гаралтай түүхий эдийн зарим хэсгийг нийлүүлнэ гэжээ.

Чоно харайхын голд усан цахилгаан станц байгуулах талаар хайгуул шинжилгээний ажлыг ОХУ-ын мэргэжилтний туслалцаатайгаар гүйцэтгэж, эдийн засаг, байгаль экологийн зөв шийдэл дүгнэлт гаргасны үндсэн дээр жилд 10 мгВт-ийн хүчин чадалтай УЦС-ыг 1995 онд багтаан байгуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, БНХАУ-ын тоног төхөөрөмж, технологоор Буянт гол дээр 200 кВт-ийн, Үенч гол дээр 960 кВт-ийн усан цахилгаан станц аймгийн дотоод нөөц бололцоог ашиглан 1993-1994 онд багтаан байгуулна, Хөшөөтийн нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийг сайжруулж айл өрхийг бүхэл нүүрсээр хангах арга хэмжээ авна, үүнээс гадна Зүлэгтэй, Шар тал, Олон булаг, Өлзийтийн бэлийн нүүрсний ордоос нүүрс олборлох ажлыг үргэлжүүлэн зохион байгуулах, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Ази, Европын улс орнуудтай гадаад худалдааг эрхлэх хэмжээг өргөтгөх, орд газар, бүс нутгийг шинээр эзэмшихтэй холбогдуулан авто болон агаарын замын сүлжээг бий болгоход онцгойлон анхаарах, авто замын хувьд Ховд-Улаангомын чиглэлд барьж байгаа хар замыг 32 км-ээр уртасгана, Ховд-Улаанбаатарын чиглэлд 15 км хар зам тавина, Ховд-БНХАУ-ын чиглэлийн гол зам Бодончийн хавцалд нийтдээ 340 метр урттай төмөр бетон гүүрийг барьж ашилалтанд оруулах, зам гүүр барих, зорчигчдын болон тээвэр засварын замын буудал байгуулахад гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах арга хэмжээ авна, БОИНГ 727 онгоцыг Ховд-Үрэмч, Ховд-Алма ата гэсэн маршрутаар нисгэх гэрээ хэлэлцээр байгуулахтай холбогдуулан бүх талын арга хэмжээ авах, аймгийн эдийн засгийн өөрөө санхүүжих чадварыг дээшлүүлэх үүднээс нутаг дэвсгэртээ ашигт малтмалын байршлыг тогтоож, нөөц баялагт үнэлгээ өгөх, заримыг нь ашиглаж эхлэх, зах зээл олж борлуулах, ашигт малтмалыг олборлох ажилд гадаадын хөрөнгө орж ирэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авна гэсэн зорилтуудыг дэвшүүлжээ. Үүнээс гадна Хүн амын амьдрах таатай нөхцөл бололцоог хангах, бататгах бодлого, чиглэл гэсэн хоёр дахь том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлжээ. 

Мөн тус хуралдаанаар аймгийн 1993 оны төсвийн орлого 132000.0 мянган төгрөг, нийт зарлага 495667,9 мянган төгрөг байхаар баталсан байна. 

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан 1993 оны 9 дүгээр сарын 15-нд хуралдсан байна.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанд ирвэл зохих 53 төлөөлөгчөөс ирсэн 49, М.Баавдай /Булган/, Ц.Бөхөө /Мөнххайрхан/ нар алс ажлаар яваа учир чөлөөтэй, Ч.Баттөмөр /Мөст/, Г.Лхүндэв /Чандмань/ нар өвчтэй, ирцийн хувь 92,4, урилгаар 50 хүн оролцсон. Тус хуралдаанд Монгол улсын Засгийн газрын шадар сайд Л.Энэбиш оролцсон байна. Хуралдааны даргаар төлөөлөгч Л.Галбадрахыг, нарийн бичгийн даргаар Б.Намжил нарыг сонгох санал оруулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталжээ. 

Хуралдааны редакциар төлөөлөгч Ч.Дамбадаржаа, Б.Гомбосүрэн, Ж.Дамба, нарийн бичгээр  засаг захиргааны хэлтсийн зохион байгуулагч Л.Батбаяр, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төрөө, И.Дамиран, хүнс, ХАА, байгаль орчны хэлтсийн дарга Ч.Цэрэнчимэд нар ажиллажээ.

Хуралдаанаар: 

            1. Зохион байгуулалтын асуудал.

            А.Ээлжит бус хуралдааны дэг хэлэлцэн батлах тухай

Б.Аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөх, томилох тухай санал уламжлах тухай асуудлууд хэлэлцжээ.

Аймгийн засаг даргаар ажиллаж байсан Тая овогтой Даваажав биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасныг үндэслэн 1993 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж Монгол улсын ерөнхий сайдад өргөн мэдүүлснийг үндэслэн Т.Даваажавыг Засаг даргаас чөлөөлж  аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцсэн байна.

Хуралдааны тооллогын комиссын даргаар төлөөлөгч С.Дөрвөд, нарийн бичгийн даргад төлөөлөгч  Ү.Цэдэнбал, гишүүдэд төлөөлөгч Г.Дуламсүрэн, Я.Сейт, Т.Содномбар нар ажиллажээ.

Аймгийн Засаг даргад Н.Дамба, Д.Жүгдэрбарам нар нэр дэвшиж санал хураалтанд 49 төлөөлөгч оролцсоноос Н.Дамбын төлөө 30, Д.Жүгдэрбарамын төлөө 9 төлөөлөгч санал өгч, олонхийн санал авсан Н.Дамба Монгол Улсын  Ерөнхий сайд П.Жасрайн шийдвэрээр аймгийн Засаг даргаар томилогдсон байна. 

2.”Нийгмийн дэг журам, сахилга зохион байгуулалтыг хангах зорилтын тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Батмөнхийн илтгэл хэлэлцэж “Нийгмийн дэг журам, сахилга зохион байгуулалтыг хангах зарим арга хэмжээний тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга, сум аж ахуйн нэгжүүдийн дарга, эрхлэгч нарт үүрэг болгосон 4 бүлэг, 21 заалттай нийгмийн дэг журам, архидан согтуурах үйл ажиллагаатай тэмцэх, хөдөлгөөн аян өрнүүлэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах тодорхой үүрэг бүхий тогтоол гаргаж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.  

            3.”Аймгийн 1993 оны төсвийн тодотголын тухай” аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Санжаагийн илтгэл хэлэлцэж “аймгийн 1993 оны тодотгосон төсвийн тухай” тогтоол гаргажээ. Аймгийн төсвийн орлогыг 140572.6 мянган төгрөг, нийт зарлагыг 975651.8 мянган төгрөгөөр тодотгон баталжээ. 

Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаан 1993 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хуралджээ.

Хуралдаанд ирвэл зохих 53 төлөөлөгчөөс ирсэн 42, өвчтэй 5, тасалсан 6, ирцийн хувь 79,2, урилгаар 74 хүн оролцсон байна. Хуралдааны даргаар төлөөлөгч Ё.Мааяа, нарийн бичгийн даргаар Ү.Цэдэнбал нар ажиллажээ.

Хуралдааны редакциар  төлөөлөгч Б.Содномдаржаа, Д.Сандаг, нарийн бичгээр ХАА-н хэлтсийн мэргэжилтэн Ж.Сэмжид, эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн И.Дамиран нар ажилласан байна.   

Хуралдаанаар:

            1.Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал хэлэлцсэн.

Дуут сумаас сонгогдсон төлөөлөгч Т.Даваажав,  Чу.Батнасан нар өөр аймаг, сум шилжсэн учир төлөөлөгчөөр ажиллах боломжгүй болж Дуут сумын ИТХ-ын сонгуулиар аймгийн Засаг дарга Н.Дамба,  Дуут сумын өндөр настны зөвлөлийн дарга С.Минжүүр нар сонгогдсоныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн байна.

            2.Аймгийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх ойрын жилүүдийн зорилтын тухай илтгэл хэлэлцжээ. Илтгэл нь аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд хийх дүгнэлт, тулгамдсан асуудлууд түүнийг шийдвэрлэх талаарх үндсэн зорилтууд, аймгийн 1994 оны төсвийн төсөл, 1992 оны төсвийн гүйцэтгэлийн тухай гэсэн 3 том зорилтын хүрээнд аймгийн өмнө тулгамдсан асуудлууд болон түүнийг шийдвэрлэх арга зам,  эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал асуудлуудыг хөндөж хэлэлцжээ. 1994 оны төсвийн нийт орлогыг 279346.5 мянган төгрөг, нийт зарлагыг 938846.0 мянган төгрөг байхаар баталжээ.

            3.Аймгийн Засаг даргын сонгуулийн хугацаанд хийх үйл ажиллагааны шинэчилсэн хөтөлбөрийн тухай илтгэл хэлэлцжээ. Аймгийн Засаг дарга өөрчлөгдсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг шинэчлэн найруулж 33 бүлэг асуудалтайгаар баталжээ. Үүнд 1994-1996 онд савхины үйлдвэр, ноос угаах үйлдвэр, ажлын гутлын үйлдвэр, эсгий, эсгий гутлын үйлдвэр, ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр, спиртын үйлдвэр, өлөн боловсруулах үйлдвэр, жимс ногоо савлах үйлдвэр, лааны үйлдвэр, эрдэс будгийн үйлдвэр зэргийг барьж ашиглалтанд оруулна гэж нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

            4.Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны аймгийн дэд хөтөлбөрийн тухай мэдээлэл хэлэлцэж хүүхдийн хөгжил, боловсрол, хүмүүжлийн асуудлыг тусгасан аймгийн хэмжээний дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Аймгийн ИТХ-ын 4-р хуралдаан 1994 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хуралджээ.

Хуралдаанд ирвэл зохих 58 төлөөлөгчөөс ирсэн 50, өвчтэй 2, тасалсан 5, чөлөөтэй 1,  ирцийн хувь 86,2, урилгаар 76 хүн оролцсон байна. Хуралдааны даргаар төлөөлөгч С.Дамдинсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Бира нар ажиллажээ. Хуралдааны редакциар төлөөлөгч Л.Чулуунбат, Т.Сорогжав, нарийн бичгээр Засаг даргын тамгын газрын ажилтан Ж.Гүрдагва, Н.Баттулга, Ч.Баярлах, М.Отгонхишиг, тэмдэглэл хөтлөгчөөр Т.Аюушжав  нар ажилласан байна.

Хуралдаанаар:

1.   Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал хэлэлцжээ.

Үенч сумаас сонгогдсон төлөөлөгч Ш.Түмэнжаргал, Мөнххайрхан сумаас сонгогдсон Ц.Бөхөө нар өөр аймаг, сумдад шилжих болсонтой холбогдуулж тухайн сумдын ИТХ-ын сонгуулиар Үенч сумаас сумын сургуулийн захирал Л.Дашням, Мөнххайрхан сумаас сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Нямаа нар сонгогдсоныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн байна.

Мөн  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 20000-аас дээш  хүн амтай сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 10 хүн сонгоно гэсэн өөрчлөлт орсны дагуу Жаргалант сумын 4-р хуралдаанаар хэлэлцээд сонгууль явуулж О.Сүрэнхорлоо, Ж.Нацагдорж, Х.Дорлиг, Б.Борхүү, Я.Бямбадорж нарын нэрийг дэвшүүлснийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөнөөр  аймгийн  ИТХ 58 төлөөлөгчөөс  бүрдэх болсон байна.

2.   Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц аймгийн 1993 оны төсвийн гүйцэтгэл, 1995 оны зорилтын тухай илтгэлд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 33 бүлэг асуудал, арга хэмжээнээс 22 бүлэг буюу 66.0 хувь нь хэрэгжих шатандаа, үлдэх 11 бүлгийн эхний ээлжийн арга хэмжээнүүд нь тодорхойлогдож хэрэгжих үе рүүгээ шилжин орсон гэж илтгэсэн байна. Илтгэлд улс орон даяар тохиолдож буй эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах, эдийн засгийг зах зээлийн харилцаанд нийцүүлэн шилжүүлэх, үйлдвэрлэлийг сэргээж, шинээр жижиг дунд үйлдвэр байгуулж ажиллуулах замаар эдийн засгийн цаашдын өсөлтийн суурийг тавих, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилтуудыг  хэрэгжүүлэхээр хүч анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгааг онцолжээ. Мөн илтгэлд аймагт 1994 оны 11 сарын байдлаар төсвийн орлогод 173442,8 мянган төгрөг орж гүйцтэгэлээр 77.5 сая төгрөг тасарч болзошгүй байгаад дүгнэлт хийж энэхүү орлогыг оруулах талаар бүх сум, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хүчин чармайлт гаргаж ажиллахыг даалгаж, орлогын төлөвлөгөөг биелүүлэх, сахилгыг бэхжүүлэх зорилгоор 2 дугаар сараас татварын албыг шинэ зохион байгуулалтанд оруулж ажилласан нь үр дүнгээ өгөх хандлага байгааг онцлон тэмдэглэжээ. Аймгийн төсвийн орлогыг  425480,0 мянган төгрөгөөр, үүнээс татварын орлого 335972,8, татварын бус орлого 89107,2, хөрөнгийн орлого 400,0 мянган төгрөгөөр, төсвийн нийт зарлагыг 1476137,5 мянган төгрөгөөр баталжээ.

3.   Орон нутгийн татварын хувь хэмжээг тогтоох тухай илтгэлд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн хямралтай, хомсдолтой цаг үед амьдарч, эдийн засгийг эрүүлжүүлэхэд шаардагдах бүхий л нөөц бололцоог дайчлан ашиглах зорилт тулгарч байгааг онцлоод орон нутгийн татварын хувь хэмжээнд зарим өөрчлөлтүүдийг оруулж баталжээ. 

4.   Ядуурлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөрийг баталж дэд хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийг боловсруулж ажлын байр бий болгох, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт даалгасан тогтоол гарган хэрэгжүүлжээ.

Аймгийн ИТХ-ын 5-р хуралдаан 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралджээ.

Хуралдаанд ирвэл зохих 57 төлөөлөгчөөс ирсэн 49, өвчтэй 2, тасалсан 3, чөлөөтэй 3,  ирцийн хувь 85.9, урилгаар 147 хүн оролцжээ. Хуралдааны даргаар төлөөлөгч Д.Сандаг, нарийн бичгийн даргаар Б.Содномдаржаа нар ажиллажээ. Редакциар төлөөлөгч А.Базарсад, Л.Дашням, нарийн бичгээр төлөөлөгч О.Сүрэнхорлоо, тамгын газрын ажилтан Ж.Гүрдагва, Ч.Цэрэнноров нар ажилласан байна.

Хуралдаанаар:

1.  Шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал хэлэлцжээ.

Алтай сумаас сонгогдсон төлөөлөгч Д.Найдан Улаанбаатар хот шилжиж сонгогчидтойгоо ажиллах боломжгүй болсон учир чөлөөлж Алтай сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаанаас тус сумын Засаг дарга Идэш овогтой Гансүхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуулахаар нэрийг нь дэвшүүлснийг хэлэлцээд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн байна.

2.      Сахилга хариуцлагын улсын зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлж нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд аймгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгж,  иргэдийн үүргийг өндөржүүлье илтгэл /илтгэгч нь Н.Дамба, аймгийн Засаг дарга/

Илтгэлд Нийгмийн дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, Нийгмийн дэг журам, сахилга хариуцлага, гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн түвшинд өгөх үнэлгээ, хийх дүгнэлт, Нийгэм дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилтын тухай гэсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд илтгэлд өнөөгийн түвшинг тодорхойлоод, нийгмийн дэг журмын талаар гарч байгаа алдаа, дутагдал бүрийг нэр заан шүүмжилж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэг бүрчлэн тусгаж өгснөөс гадна 1995 оны сүүлийн хагас жилд доорх  асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг чухалчилжээ. Үүнд:

              1.Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүр архичингүй, аймаг, сум архаг архичингүй болох

              2.Иргэн бүр өмчийн эсрэг гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх.

              3.Албан байгууллага өмчийн бүхий л хэвшлийн аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүр татварын зөрчилгүй болох

              4.Төрийн өмчийн төсөвт байгууллагын удирдах ажилтан, аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, багийн Засаг дарга, өмчийн бүхий л хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэд, удирдлага төрийн өмнө хүлээсэн үүргээ жинхэнэ ёсоор биелүүлж, сахилга хариуцлагын зөрчилгүй ажил хариуцахын үлгэр жишээ үзүүлэх.

              5.Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг бүх шатандаа дэмжин тусалж, сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамааруулж баг, сум бүр  сургууль завсардсан хүүхэдгүй болох зорилтыг тэмдэглэжээ.  Хуралдаанаас “Сахилга хариуцлага, нийгмийн дэг журам хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж 3 бүлэг 52 зүйлтэй төлөвлөгөө баталж хэрэгжүүлжээ. 

3.      “Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зарим арга хэмжээний тухай”  Хүнс хөдөө, аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Д.Батхүүгийн мэдээлэлийг хэлэлцэж “Эрүүл ахуйн тусгай бүс тогтоох тухай”, “Тарвага агнах дээд хязгаар тогтоох тухай”, “Заг ашиглахыг хязгаарлах тухай”, “Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээний тухай” “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай” зэрэг ажил хэрэгч тогтоолуудыг баталжээ. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолд Мянган угалзатын нуруу, Мөнххайрхан уул, Цамбагарав уул, Хар ус нуур, Сутай уул, Жаргалант уул, Баатарын нуруу, Алтан хөхий уул, Их бага онгог зэрэг газруудын байгалийн нөөц газар, түүний хилийн зааг, Буянт сумын Чандмань хар үзүүрийн фаллеолитийн үеийн зургууд, Дарви сумын Жүргэрийн цагаан толгойн түрэг монгол бичээс, Хөшөөтийн буган чулуун хөшөө, Жаргалант сумын Баатархайрхан уулын хүрлийн үеийн хадны зураг, Манхан сумын хойт цэнхэрийн өл гэдэг газар орших Гурван сэнхэрийн агуй, Тахилтын хотгорын хүннүгийн язгууртны булшнууд, фаллеолитийн үеийн сийлмэл зураг, Мөст сумын Бодончийн гол, Баянзүрх гэдэг газар орших хиргисүүр, буган хөшөөний цогцолбор, Мөнххайрхан сумын улаан говийн аманд орших хүн чулуу, Шуурхай, Хөх нуурын орчимд орших хүн чулуу, Долоон нуурын улаан толгойд орших эртний бичээс, Доод улхан гэдэг газар орших хүн чулуу, Үенч сумын Ямаан ус гэдэг газар орших сүг зурагтай хад, Харуул овоо, Сөртийн түргийн үеийн хөшөө, Цэцэг сумын Халиуны хөтлийн Халиудтай баатрын хөшөө, Жаргалант сумын төвд орших сангийн хэрэм, Эрдэнэбүрэн сумын Хонгиогийн буган чулуун хөшөө, Салхитын шуудуйн зостын жужааны үеийн хуягт морин цэргийн зураг, Чандмань сумын Цахирын тал дахь түрэгийн үеийн хөшөө зэргийг түүх соёлын дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтанд  авахаар шийдвэрлэжээ. 

Аймгийн ИТХ-ын 6-р хуралдаан 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралджээ.

Хуралдаанд ирвэл зохих 57 төлөөлөгчөөс ирсэн 50, тасалсан 7,  ирцийн хувь 87.7, урилгаар 103 хүн оролцсон. Хуралдааны даргаар төлөөлөгч Д.Баатарчулуун, нарийн бичгийн даргаар төлөөлөгч Ж.Оролмаа нар ажиллажээ. Редакциар төлөөлөгч Ж.Нацагдорж, И.Гансүх, нарийн бичгээр Тамгын газрын ажилтан Л.Батбаяр, Ч.Цэрэнноров, өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Х.Түмэн-Өлзий, хуралдааны баримт бичиг боловсруулах комиссын даргаар төлөөлөгч Д.Жүгдэрбарам, орлогч даргаар Г.Элдэвсүрэн, гишүүдээр Д.Санжаа, Л.Галбадрах, Ё.Мааяа, С.Баттулга, Засаг даргын Тамгын газрын Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга  Д.Батхүү нар ажилласан байна.   

Хуралдаанаар:

1.   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс эрхийн хугацаанд зохиосон ажил, хурлын үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Батмөнхийн илтгэл хэлэлцжээ. Илтгэлд аймгийн ИТХ бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг 5 удаа, ээлжит бус хуралдааныг 1 удаа 79,2-96,2 хувийн ирцтэйгээр хуралдуулж, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх болон Монгол улсын Засгын газрын мөрийн хөтөлбөрийг Ховд аймагт хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, түүнийг шийдвэрлэх ойрын зорилт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны дэд хөтөлбөр, нийгмийн дэг журмыг хангах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар дэвшүүлсэн улсын зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэхэд нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн үүргийг өндөржүүлэх асуудлууд хэлэлцэн бүгд 51 заалт бүхий 16 тогтоол гарган биелэлтийг нь зохион байгуулж ажиллаа. Тэргүүлэгчдийн хуралдааныг 30 гаруй удаа хийж 50 шахам  асуудал хэлэлцэж 70 гаруй заалттай 36 тогтоол гаргажээ. Тэргүүлэгчдийн зарим хуралдааныг аймгийн Засаг даргын зөвлөлтэй хамтран хийж байгаа нь үр дүнтэй болж байна гэжээ. Мөн ИТХ-ын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, төлөвшүүлэхийн тулд ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгч нарын мэдлэг, ажил хариуцах чадварыг аль ч шатанд дээшлүүлэх, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын зорилго, чиглэлийг хөдөлмөрчдөд сайтар ойлгуулах, одооноос сонгуульд иргэдийг бэлтгэлтэй оролцуулах, өөрийн төлөөллийн хүмүүсийг зөв сонгохыг олон түмэнд ойлгуулах, төр захиргааны мэргэшсэн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар бодлого, чиглэлтэй ажиллах, багийн ИНХ-ын хуралдааны ирц, хуралд оролцох нийгмийн идэвхийг дээшлүүлэх зэрэг олон чухал ажлууд байгааг манай төлөөлөгч нөхөд ойлгож байгааг үгүйсгэхгүй байна, цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт бат итгэж байгааг тэмдэглэжээ.

Илтгэлийг хэлэлцээд “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс эрхийн хугацаанд зохисон ажил, хурлын үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх тухай” тогтоол гаргаж хэрэгжүүлжээ.    

2.   Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1996 оны чиглэл, 1994 оны төсвийн гүйцэтгэл, 1996 оны төсвийн төслийн тухай аймгийн Засаг дарга Н.Дамбын илтгэл хэлэлцэж тус илтгэлд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, түүнд хийх дүгнэлт, Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1996 оны үндсэн чиглэлийн тухай, Аймгийн 1994 оны төсвийн гүйцэтгэл, 1996 оны төсвийн төслийн тухай гэсэн зорилтуудыг багтаасан аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудыг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөсөн үр дүнтэй асуудлуудыг хэлэлцэж олон талаас нь санал бодлоо уралдуулсан нь ач холбогдолтой болсон байна. Мөн 1995 оны аймгийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хийх дүгнэлт, 1996 оны төсвийн төсөлд өгөх саналын тухай аймгийн Хянан шалгах хорооны дарга Ч.Цэрэнчимэдийн мэдээлэл хэлэлцэж төсвийн орлогын бүрдүүлэлт түүнд хийх дүгнэлт, төвийн хуваарилалт, зарцуулалт түүнд хийх дүгнэлт, аймгийн төсвийн төсөлд өгөх саналын тухай хэлэлцэж аймгийн орлогыг бүрдүүлэх боломж, бололцоог тал бүрээс нь авч хэлэлцэж үнэтэй санал дүгнэлт өгч ажилласан байна. Аймгийн 1996 оны төсвийн нийт орлогыг 721331,4 мянган төгрөг, нийт зарлагыг 1823506,1 мянган төгрөг байхаар баталжээ. Ховд аймгийн хянан шалгах хорооны ажиллах дүрэмийг хуралдаанаас баталсан нь орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтыг хянан шалгах, орон нутгийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгах, Төрийн албан тушаалтан, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалган дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа цаашид эрчимтэй, үр дүнтэй явагдах нөхцөл бололцоо, Ховд аймагт төсвийн сахилга хариуцлага дээшлэх, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх боломж бололцоо бий болоход ихээхэн үр дүнгээ өгсөн тухай дүгнэжээ. 

4.      Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажил, зорилтын тухай  Хүнс хөдөө, аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Д.Батхүүгийн мэдээлэл сонсож “Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний тухай” тогтоол гаргаж хэрэгжүүлжээ. Тус хуралдаанаас Хар-ус нуур, Хар, Дөргөн нуурын ай сав газрыг Хар ус нуурын байгалийн цогцолборт газар болгож улсын тусгай хамгааллатанд хамруулах тухай саналыг дэмжиж  Монгол Улсын Засгийн Газарт   уламжилжээ. 

                                 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн судалгаа

1992-1996 он

 

д/д

Сумын нэр

Овог нэр

Эрхэлж байсан ажил

Намын харъяалал

1.      

Алтай

Цэцэнгийн Даваадорж

Сумын санхүү тасгийн дарга, албан татварын байцаагч

МАХН

2.      

Алтай

Донидын Найдан

“Алтай” ХК-ны ерөнхий захирал

МАХН

3.      

Алтай

Сунгаравын Төмөрбаатар

сумын малчин

МАХН

4.      

Булган

Лувсанжамцын Чулуунбат

сумын Засаг дарга

МАХН

5.      

Булган

Мэндээгийн Баавдай

сумын “Жаргалын зам” ХК-ны захирал

МАХН

6.      

Булган

Сүрэнжавын Булгаа

сумын ямаачин

МАХН

7.      

Буянт

Самбуугийн Дөрвөд

сумын Засаг дарга

МАХН

8.      

Буянт

Жалцавын Оролмаа

 “Соёл”  компаний саальчин

МАХН

9.      

Буянт

Ёндонгийн Мааяа

Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

МАХН

10.   

Дарви

Пунцагийн Дамчаабазар

сумын Засаг дарга

МАХН

11.   

Дарви

Банзрагчийн Цэдэнбал

сумын Засаг даргын орлогч

МАХН

12.   

Дарви

Галсангийн Элдэвсүрэн

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

МАХН

13.   

Дуут

Таяын Даваажав

Аймгийн Засаг дарга

МАХН

14.   

Дуут

Чойсүрэнгийн Батнасан

сумын Засаг дарга

МАХН

15.   

Дуут

Чулуунтөмөрийн Батнасан

 “Таван эрдэнэ” компаний захирал

МАХН

16.   

Дөргөн

Тогмидын Сорогжав

сумын Засаг дарга

МАХН

17.   

Дөргөн

Цэндийн Пүрэв

“Агваш” ББХК-ны захирал

МАХН

18.   

Дөргөн

Данзангийн Удвал

сумын цэцэрлэгийн эрхлэгч

МАХН

19.   

Зэрэг

Пумаан Төмөрөө

 сумын Засаг дарга

МАХН

20.   

Зэрэг

Баттогтохын Намжил

сумын МАХН-ын дарга

МАХН

21.   

Зэрэг

Самдангийн Хавчиг

сумын адуучин

МАХН

22.   

Манхан

Самдангийн Дамдинсүрэн

сумын Засаг дарга

МАХН

23.   

Манхан

Үржингийн Цэдэнбал

“Баясгалант амьдрал” ХК-ны захирал

МАХН

24.   

Манхан

Дагвын Жүгдэрбарам

Аймгийн Засаг даргын 1-р орлогч

МАХН

25.   

Мөст

Дангаагийн Пүрэвдорж

сумын Засаг дарга

МАХН

26.   

Мөст

Балааганы Содномдаржаа

сумын сургуулийн захирал

МАХН

27.   

Мөст

Чулууны Баттөмөр

багийн Засаг дарга

МАХН

28.   

Мөнххайрхан

Чумбуугийн Дамбадаржаа

сумын Засаг дарга

МАХН

29.   

Мөнххайрхан

Цэрэнгийн Бөхөө

сумын сургуулийн захирал

МАХН

30.   

Мөнххайрхан

Цээрэвийн Ууган

багийн Засаг дарга

МАХН

31.   

Мянгад

Нямсүрэнгийн Цэрэнчимэд

сумын Засаг дарга

МҮАН

32.   

Мянгад

Дамдиндоржийн Батсуурь

сумын брокер

МАХН

33.   

Мянгад

Гомбодоржийн Дуламсүрэн

багийн Засаг дарга

МҮАН

34.   

Ховд

Авдгалийн Аман

сумын Засаг дарга

МАХН

35.   

Ховд

Шахайн Хамыт

багийн Засаг дарга

МАХН

36.   

Ховд

Ягмусын Сейт

хүний их эмч

МҮАН

37.   

Цэцэг

Сэдийн Отгон

сумын Засаг дарга

МАХН

38.   

Цэцэг

Загдбазарын Бадарч

Хөшөөтийн уурхайд жолооч

МАХН

39.   

Цэцэг

Жанлайн Дамба

Мянган угалзат ХК-ны захирал

МАХН

40.   

Чандмань

Дашдоржийн Сандаг

сумын Засаг дарга

МАХН

41.   

Чандмань

Түдэвийн Содномбар

 багийн Засаг дарга

МАХН

42.   

Чандмань

Гэндэнгийн Лхүндэв

Жаргалант оргил ХК-ны захирал

МАХН

43.   

Үенч

Сүрэнгийн Аюуш

сумын Засаг дарга

МАХН

44.   

Үенч

Шилэгийн Түмэнжаргал

багийн Засаг дарга

МАХН

45.   

Үенч

Дэндэвийн Батсүх

ХАА-н компаний захирал

МАХН

46.   

Эрдэнэбүрэн

Сайнсүүлийн Баттулга

сумын Засаг дарга

МАХН

47.   

Эрдэнэбүрэн

Балгансүрэнгийн Гомбосүрэн

сумын брокер

МАХН

48.   

Эрдэнэбүрэн

Шаравжамцын Бира

сумын хүн эмнэлгийн их эмч

МАХН

49.   

Жаргалант

Агвааны Базарсад

сумын Засаг дарга

МАХН

50.   

Жаргалант

Лханаагийн Галбадрах

Аймгийн МҮАН-ын хорооны дарга

МҮАН

51.   

Жаргалант

Данзангийн Баатарчулуун

ХАА-н коллежийн захирал

МАХН

52.   

Жаргалант

Янсангийн Сэнгэдорж

сумын Засаг даргын орлогч

МАХН

53.   

Жаргалант

Түвдэнжамбын Батмөнх

Аймгийн МАХН-ын хорооны дарга, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга

МАХН

Хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Жаргалант сумаас

шинээр сонгогдсон төлөөлөгчид

54.   

Жаргалант

Отгоны Сүрэнхорлоо

БГХӨТ газрын дарга

МАХН

55.   

Жаргалант

Жанцансамбуун Нацагдорж

2-р 8 жилийн сургуулийн захирал

МАХН

56.   

Жаргалант

Бямбын Борхүү

1-р 10 жилийн Жаргалант сургуулийн захирал

МАХН

57.   

Жаргалант

Халтарын Дорлиг

Буянт багийн Засаг дарга

МАХН

58.   

Жаргалант

Янжмаагийн Бямбадорж

Баатархайрхан багийн Засаг дарга

МҮАН

 

1992-1996 оны бүрэн эрхийн хугацаанд явагдсан

нөхөн сонгуулийн дүн

 

д/д

Сумын нэр

Нөхөн сонгууль явагдсан огноо

Нөхөн сонгогдсон төлөөлөгчийн овог нэр

Эрхэлж байсан ажил

Намын харъяалал

Шалтгаан

1.      

Дуут

1993

Намсрайн Дамба

Аймгийн Засаг дарга

МАХН

Т.Даваажав УБ шилжсэн

2.      

Дуут

1993

Самдангийн Минжүүр

Дуут сумын өндөр настны зөвлөлийн дарга

МАХН

Чу.Батнасан Ховд аймаг шилжсэн

3.      

Үенч

1994

Лооровын Дашням

Сургуулийн захирал

МАХН

Ш.Түмэнжаргал шилжсэн

4.      

Мөнххайрхан

1994

Бадарчийн Нямаа

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга

МАХН

Ц.Бөхөө шилжсэн

5.      

Алтай

1995

Идэшийн Гансүх

Сумын Засаг дарга

МАХН

Д.Найдан УБ шилжсэн

 

 

1992-1996 оны  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан

1993 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 10 удаа хуралдаж Алдарт эх I, II  одонгоор шагнуулах тодорхойлолт батлах тухай, хууль сурталчлах ажлын зөвлөл байгуулах тухай, хуралдааны илтгэл, илтгэгч батлах тухай, ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай, хуралдааны илтгэл бичих комисс байгуулах тухай, нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулах, зохион байгуулах түр зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай, ажил хүлээлцэх комисс байгуулах тухай, хуралдаан хуралдуулах тухай, аймгийн давж заалдах шатны шүүхийн ардын төлөөлөгчдийг батлах тухай, ажилд томилох тухай, гуравдугаар хуралдааны илтгэл, илтгэгчийг батлах тухай зэрэг 12 тогтоол гаргаж хэрэгжүүлжээ.

1994 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 5 удаа хуралдаж Алдарт эх I, II  одонгийн тодорхойлолт дэмжих тухай, улсын сайн малчин болзолд шалгаруулах тухай, Ховд аймгийн ИТХ-ын шинэ тамга хэрэглэх тухай, боловсролын хуулийн хэрэгжилт, боловсролын системийг шинэчлэх талаар зохиож байгаа ажлын тухай, иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан хуралдуулах тухай, хуралдаанд бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай зэрэг 6 тогтоол гаргаж хэрэгжүүлжээ.

1995 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Алдарт эх I, II  одонгийн тодорхойлолт дэмжих тухай, улсын сайн малчин болзолд шалгаруулах тухай, 5 дугаар хуралдаан хуралдуулах тухай, 5 дугаар хуралдааны илтгэл, илтгэгчийг батлах тухай, шүүгчид нэр дэвшүүлэх тухай, хянан шалгах хороо байгуулж, дарга гишүүдийг томилох тухай, хянан шалгах хорооны төсөв батлах тухай, аймгийн ИТХ-ын сүүлийн 5 сарын төсөв батлах тухай, аймгийн ИТХ-ын нягтлан бодогч ажиллуулах тухай,  цалин тогтоох тухай, аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан хуралдуулах тухай, аймгийн 1995 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэл батлах тухай зэрэг 36 тогтоол гаргаж хэрэгжүүлжээ.

1996 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид улсын сайн малчнаар тодорхойлох тухай, Хар-ус нуурийн байгалийн цогцолборт газрын хилийн болон бүсийн заагийн тухай, төрийн дээд шагналаар шагнуулах тухай, аймгийн хянан шалгах хорооны гишүүдийн ажиллах журам батлах тухай, иргэдийн улс төр, хууль эрхйн боловсрол дээшлүүлэх тухай, жолооч ажилд авах тухай, мөнгө зарах тухай, цалингийн нэмэгдэл олгох тухай, тодорхойлолт уламжлах тухай, ажлаас чөлөөлж, ажилд авах тухай, Мянгад сумын 10 жилийн дунд сургуулийг Б.Баасанжавын нэрэмжит болгох тухай, сонгуулийн хороо байгуулах тухай, анхдугаар хуралдаан хуралдуулах тухай, ажил хүлээлцэх комисс байгуулах тухай зэрэг тогтоолууд гаргаж хэрэгжүүлсэн байна. 

 

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

"ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-20 ЖИЛ"  эмхэтгэл ном

2012 он 


2014-10-30 20:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд