ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын ажиллах журам

2014-08-25 10:30

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМЫН  АЖИЛЛАХ  ЖУРАМ


Нэг. Нийтлэг  үндэслэл

Төрийн  бодлого шийдвэр, Ховд аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  болон  Тэргүүлэгчдийн  хуралдааны  бодлого,  шийдвэрт иргэдийн байр суурь,  үзэл  бодлыг тусгах, иргэдийн санал  бодлыг шийдвэр гаргагчид сонсох, аймгийн  нийгэм,  эдийн  засгийн   хөгжлийн  тулгамдсан асуудлаар нээлттэй  хэлэлцүүлэг  зохион  байгуулж  байх зорилгоор аймгийн ИТХ-ын  дэргэдэх “Иргэний  танхим” /цаашид  иргэний  танхим  гэнэ/-ын   үйл ажиллагааг  зохицуулахад   энэхүү  журмыг мөрдөнө.


Хоёр. “Иргэний  танхим”-ын  зорилго, үйл  ажиллагааны  зарчим

2.1.”Иргэний  танхим”-ын  зорилго  нь  хуулийн төсөл, дүрэм,  журам,  хөтөлбөр,  төлөвлөгөө зэрэг  шийдвэрийн   төсөлд   иргэн,  иргэний   нийгмийн  салбарын  болон  аж  ахуйн  нэгж  байгууллагын санал,  шүүмж,  нэмэлт  өөрчлөлт,  шинэчлэлийн  санаа,  мэдээлэл  хүлээн  авах замаар төр засгийн болон, аймгийн  ИТХ, Тэргүүлэгчид, Засаг  даргын  гаргах  шийдвэрийг  сайжруулах,  шийдвэр  гаргахад  олон  нийтийг  оролцуулах  явдал  юм.

2.2.ИТХ-ын  Иргэний  танхимын  бүхий  л  үйл ажиллагаа  олон  нийтэд   нээлттэй  байна.

2.3.Иргэний танхимд болох  аливаа хэлэлцүүлэг, санал  солилцох  уулзалт  ярилцлага   нь  тодорхой шийдвэр,  бичиг  баримтын  төслийг  үндэслэн шийдвэр  гаргахын өмнөх шатанд  явагдана. Төсөлд  өөрчлөлт оруулах,  төслийг  шийдвэр  болгон   гаргахдаа  иргэний  танхимын  нийтийн  хэлэлцүүлэгт  үндэслэнэ.


Гурав. Иргэний  танхимын  үйл  ажиллагаа  ба  бүтэц, зохион  байгуулалт

3.1.Иргэний  танхимын   үйл  ажиллагааны  үндсэн  хэлбэр  нь  нийтийн нээлттэй  хэлэлцүүлэг байна.

3.2.Нийтийн  хэлэлцүүлэг  нь  оролцогч  тал, асуудал  оруулагч тал  болон  зохион  байгуулагчаас  тус  тус  бүрдэнэ.

3.3.Нээлттэй хэлэлцүүлгийн  оролцогч  нь  иргэн,  иргэний   нийгмийн  салбарын  болон  аж  ахуйн  нэгж  байгууллагын  төлөөлөл  байна. Манай аймагт болон  бүс  нутагт үйл  ажиллагаа  явуулж  байгаа гадаадын болон олон  улсын байгууллага,  аж ахуйн  нэгжийн  төлөөллийг  урилгаар  оролцуулж  болно.

3.4.Нээлттэй  хэлэлцүүлэгт  асуудал  оруулагч  тал  нь  ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид,  Засаг дарга,  хороод, ажлын  алба, аймгийн  Засаг  даргын  Тамгын  газрын  хэлтсийн  болон  агентлагуудын  дарга,  эрхлэгч,  захирал,  ИТХ, Засаг  даргын  шийдвэрээр  байгуулагдсан  ажлын  хэсгийн ахлагчид  байна. Асуудал  оруулж буй   албан  тушаалтан, хэсгийн ахлагчид  нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч   байна. Шийдвэрийн төсөл санаачлагчид дээрх субъектуудаар дамжуулан хамтарч асуудлаа оруулж хэлэлцүүлж болно.

3.5. Иргэний  танхимын  төлөөллийн зөвлөл,   ИТХ-ын  төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын ажилтан, Иргэний  нийгмийн  байгууллага,  хувийн  хэвшлийн  аж ахуй, хэвлэл мэдээлэл, иргэдийн  төлөөллөөс  бүрдсэн 9-ээс  доошгүй  гишүүнтэй  байх  бөгөөд  зөвлөлийг  аймгийн  ИТХ-ын нарийн  бичгийн  дарга  тэргүүлнэ. Иргэний  танхимын  төлөөллийн зөвлөлийг аймгийн   ИТХ-ын тэргүүлэгчдийн  тогтоолоор   байгуулж   үйл ажиллагаа,  түүний  үр  дүнд  үнэлэлт дүгнэлт өгч, төлөвшүүлж  ажиллана.

3.6.Иргэний  танхимын  ажлын  албаны  бүтэц,  орон  тоог аймгийн ИТХ-ын  Tэргүүлэгчид баталж ИТХ-ын ерөнхий  менежер томилж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.  ИТХ-ын тэргүүлэгчдэд  тайлагнана.

3.7.Иргэний  танхимд  нээлттэй  хэлэлцүүлгийн  бус  цагаар  иргэдийн  оролцоог  хангах, мэдээлэл  хүргэх  зорилгоор  дараах  үйл ажиллагаануудыг зохион  байгуулна.

3.7.1.Иргэний  танхимд иргэдийн  боловсрол  дээшлүүлэх сургалт,  сурталчилгааны  ажлууд  зохион  байгуулна.

-Иргэний  танхим  иргэдийн оролцоог  нэмэгдүүлэх, идэвхжүүлэх  сургалт  зохион  байгуулна.

-нутгийн  удирдлагын  болон  иргэний  нийгмийн  байгууллагуудаас  иргэдэд  зориулсан  төрөл  бүрийн  сургалт дангаар  буюу  хамтран  зохион  байгуулна.

3.7.2.ИТХ-ын  төлөөлөгчид  иргэдтэй уулзах, үйл ажиллагаагаа  танилцуулах, уулзалт  зохион байгуулах тухайн орон  нутагт  хэрэгжих     төсөл,  хөтөлбөрийн  талаар  иргэд  олон  нийт  санал  бодлоо солилцох,  нутгийн  удирдлагын  байгууллагууд  өөрийнхөө  үйл  ажиллагааны  талаар  мэдээлэл  өгөх  ажлыг  зохион  байгуулах

3.7.3.Иргэний  танхимын  үйл ажиллагааг  олон  нийтэд  хүргэх,  орон  нутгийн  иргэдийн /сум, багийн/ санал  хүсэлтийг танхимаар  болон  явуулын  Иргэний  танхимын үйлчилгээгээр   дамжуулан  хүлээн  авч  зохих шийдвэр гаргагчдад  уламжлан дамжуулах

3.7.4.Иргэний  танхим үйл ажиллагаагаа  ИТХ-ын ажлын  албаны  дэргэдэх хэвлэл мэдээллийн  албатай   хамтран  сурталчилж   ил  тод  нээлттэй  ажиллана.


Дөрөв. Иргэний  танхимын  хэлэлцэх  төслийг   нийтэд  зарлах

4.1.Нээлттэй  хэлэлцүүлгийн  даргалагч  нь  төслийн  анхны  эх,  түүний  товч    агуулга,  төслийн  үндэслэлийн  танилцуулгыг  хэвлэл  мэдээллээр  болон  нийтэд зарлахаас  ажлын  гурав  хоногийн  өмнө  иргэний  танхимын зөвлөл,  ажлын  албанд   хүлээлгэн  өгнө.

4.2.Иргэний танхимд  хэлэлцэх  төслийн  анхны  эх,  хэлэлцүүлэг  болох  он, сар,  өдөр,  байр,  эхлэх  цаг,  үргэлжлэх  хугацаа,  иргэдийн  санал  хүлээж  авах  хаяг,  электрон  шуудан,  лавлагаа  авах,  хэлэлцүүлэгт  биечлэн  оролцохоор   бүртгүүлэх  утасны  дугаар,  хаягийг  дурдсан  албан  ёсны  зарыг  нээлттэй  хэлэлцүүлэг болохоос   гурван  хоногийн   өмнө  телевиз, FМ,  интернэт, зарлалын самбар  утсаар  ажлын  албанаас эрхлэн  асуудал  оруулагч  талтай  хамтран  гүйцэтгэнэ.


Тав. Хэлэлцүүлэгт  саналаа  ирүүлэх

5.1. Хэлэлцүүлэгт  оролцогч  нь  хэвлэл  мэдээллийн  хэрэгсэл болон  утсаар   хэлэлцүүлэг зарлагдмагц  дараахь  хэлбэрээр  санал  шүүмжлэл,  байр  суурь  үзэл  бодлоо  илэрхийлнэ. Үүнд:

5.1.1. Аймгийн  Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх  Иргэний  танхимд  гэж   хаяглан  захидлаар

5.1.2. Иргэний  танхимд 70432105, 70432238 дугаарын утсаар

5.1.3. Иргэний  танхимын   irgentanhim-khovd@yahoo.com электрон шуудангаар 

5.1.4. khovd.khural.mn  веб сайтад санал  ирүүлэх

5.1.5. Иргэний  танхимд  болох  хэлэлцүүлэгт  биеэр  оролцох

5.2. Иргэний  танхимын   нээлттэй   хэлэлцүүлэгт өөрийн санал,  байр  сууриа томъёолоход хангалтгүй  мэдээлэлтэй  байна  гэвэл иргэд  төсөл  боловсруулагч  нарт хандан  асуулт  тавьж  хариулт  авч  болно.  Төсөл  боловсруулагчид асуултын хариултыг  Иргэний  танхимын  хэлэлцүүлгийн  үеэр өгнө.


Зургаа.  Хэлэлцүүлэгийн  бэлтгэл  хангах

6.1.Иргэний  танхимд  болох  хэлэлцүүлгийн  танхимыг  бэлтгэх,  албан  тэмдэглэл  хөтлөгчийг  томилох,  хэлэлцүүлгийг  хэвлэл  мэдээллээр   дамжуулах  бол   нөхцлийг  бүрдүүлэх,  түүнчлэн   хэвлэл,  мэдээллийн  ажилтанг  урьж  оролцуулах,  дэг  журам  алдуулагчийг    танхимаас  гаргах  бэлтгэл  хангасан  байх ажлыг ажлын  алба  хариуцна.

6.2.Хэлэлцүүлгийн үеэр аудио, видео материал  үзүүлж  сонсгох,  зураг үзүүлэн  таниулах  материал   байрлуулах,  компьютерээр  материал үзүүлж  танилцуулах,  оролцогчдын   материалыг  хэлэлцүүлэг  эхлэхээс 1-2 цагийн  өмнө  ажлын  алба   хүлээн  авч асуудал оруулагч багтай хамтран  техникийн  бэлтгэл  хангана.

6.3.Ажлын  алба нээлттэй  хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн  хэрэгслэлээр  шууд  дамжуулах,   хэлэлцүүлэгт  сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч  нарыг нэвтрүүлэх, тэдэнд   суудал,  байрлал  хуваарилах зэрэг бэлтгэл  хангах  ажлыг   нээлттэй хэлэлцүүлэг эхлэхээс   өмнө   хийж гүйцэтгэнэ.

6.4.Хэлэлцүүлэгт  оролцохоор ирсэн  хүмүүсийг угтан  авч  хэлэлцүүлгийн  үеэр  үг  хэлэх дарааллыг  тогтооход  хэрэглэх жагсаалт,  бүртгэлийг  хэлэлцүүлэг  даргалагчийн гаргасан  маягтын  дагуу  хийж гүйцэтгэнэ.


Долоо. Нээлттэй  хэлэлцүүлэгт  оролцогчид  урьдчилсан  болзол  тавихгүй байх зарчим  ба  хэлэлцүүлэгт  оролцох  дараалал

7.1.Нээлттэй  хэлэлцүүлэгт  оролцогчдод урьдчилсан  болзол  тавихгүй  байх  зарчим  үйлчилнэ.

7.2.Ажлын  алба  нээлттэй  хэлэлцүүлэгт  зөвхөн  биеэр  оролцохыг  хүсэгчдийн  дарааллыг  тогтоох  зорилгоор  хэлэлцүүлэг  болохоос  ажлын  2 өдрийн өмнө Иргэний  танхимын   утас,  факс,  электрон  шуудангийн   хаягаар   иргэдийн  нэрсийг  хүлээн  авч  бүртгүүлсэн  цагийн  дарааллаар  жагсаана.

7.3.Ажлын  алба  бүртгэгдсэн  нэрийн  жагсаалтыг  нээлттэй хэлэлцүүлэг  даргалах  албан  тушаалтанд   хэлэлцүүлэг  эхлэхээс  24 цагийн  өмнө  танилцуулж,  хэлэлцүүлэгт  урилгаар оролцох  хүмүүсийн  нэрийг  даргалагчаас  хүлээн  авна.

Бүртгүүлсэн,  урилгаар  оролцогчдын  нэрсийг  жагсаалтын  дагуу  гаргаж ИТХ-ын  веб  сайтад   болон  нийтэд мэдээлнэ.

7.4.Нээлттэй  хэлэлцүүлгийг  даргалагч  нь  оролцогчдын   нэрсийн  жагсаалт  гарсны  дараа доорхи    шийдвэрийн  аль  нэгийг  гаргаж нээлттэй  хэлэлцүүлэг болохоос  нэг  хоногийн  өмнө  хэвлэл  мэдээллээр  зарлана.

7.4.1.Оролцогчдын нийт  тоо,  Иргэний  танхимын  суудлын  тооноос  илүүгүй  тохиолдолд   нээлттэй  хэлэлцүүлгийг  Иргэний  танхимын  байранд  зарласан  цагтаа энэхүү  журмын  дагуу  эхлүүлнэ.

7.4.2.Хэлэлцүүлэгт  оролцохоо  илэрхийлсэн  иргэдэд  байрны  багтаамжаас хамааран дараалуулж урилга олгоно. Шаардлагатай   гэж  үзвэл хэлэлцүүлгийг  хэд  хэдэн   ээлжээр  хийх  буюу  өөр  байранд   хийхээр  шийдвэрлэж   бэлтгэлийг  хангуулна.

7.5.Ижил  байр  суурьтай  иргэд  олноороо  бүртгэгдсэн  тохиолдолд  дундаасаа төлөөлөл  сонгож   хэлэлцүүлэгт оруулж  болно.

7.6.Хэлэлцүүлэгт  үнэ  цэнэтэй  мэдээллээр   хувь нэмэр  оруулж  чадах  төрийн  албан  хаагчид,  судлаач, шинжээч, гэрч, гадаадын,  олон улсын судалгааны   байгууллагын  төлөөллийг  урилгаар  оролцуулж  болно.

7.7.Асуудал оруулж  буй  ажлын  хэсэг  төслийн  талаар  ирсэн  саналыг  нэгтгэж,  тайлбарын  хамт  төсөлд хавсарган  Иргэний  танхимын  хэлэлцүүлэгт  бэлтгэнэ.  Хэлэлцүүлэг  эхлэхээс  өмнө төсөлд  өөрчлөлт  орсон  бол  уг  ажлын   хэсэг  өөрчлөлтийн  талаар  хэлэлцүүлгийн эхэнд   мэдээлэл  хийж  тайлбарлана


Найм.  Хэлэлцүүлгийн  дэг

8.1.ИТХ-ын дарга, Иргэний  танхимын төлөөллийн зөвлөлийн тэргүүн эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч  нээлттэй  хэлэлцүүлгийг  нээж,  хэлэлцүүлгийг  даргалах  хүний  нэр,  албан тушаал,  хэлэлцүүлэгт оролцогчдыг танилцуулна.

8.2.Даргалагч хэлэлцүүлгийн  дэгийг оролцогчдод  танилцуулан  хэлэлцүүлэгт оролцогчдын  тоо,  хэлэлцэх  асуудлын  нарийн  төвөгтэй  байдлыг харгалзан хэлэлцүүлгийн  нийт  хугацаа,  нэг оролцогчийн  үг  хэлэх  хугацааг   тогтооно. Ингэхдээ  нэг   хүний  үг  хэлэх  хугацаа  3-10 минутаар   тогтоож  болно.

8.3.Хөгжлийн  бэрхшээлтэй,  хэл  ярианы  бэрхшээлтэй  хүмүүст  үг  хэлэх  хугацааг   шаардлагатай  хэмжээгээр  сунгаж  болох  ба  ингэхдээ  нэг хүн   А4 хэмжээний бүтэн  хуудас материал  уншиж  танилцуулж  чадахуйц хэмжээгээр  цаг  тогтооно.

8.4.Төсөл  боловсруулагч  багийн  гишүүн  төслийг  оролцогчдод  танилцуулна.

8.5.Оролцогчдын  үг  хэлэх  дарааллыг     хэлэлцүүлэг  даргалагч  тогтооно.

Ингэхдээ   энэ  журмын  7.4 дэх  заалтын дагуу  бүртгүүлсэн  нэрсийн  дарааллыг  үндэслэн  дараахь  дэс  дарааллыг давхар  баримтлан  индэрт  урина.

8.5.1. Аймаг,  сумын  ИТХ-ын  төлөөлөгч

8.5.2. Хөндлөнгийн  шинжээч,  эксперт,  төрийн  болон  олон  улсын  байгууллагын  албаны хүмүүс

8.5.3.Төслийг  бүхэлд  нь  буюу  тодорхой  хэсгийг  дэмжсэн  байр суурьтай  хүмүүс,   тэдгээрийн  гэрч

8.5.4.Төслийг  бүхэлд  нь  буюу  тодорхой   хэсгийг  эсэргүүцсэн  байр  суурьтай хүмүүс,  тэдгээрийн  гэрч

8.5.5.Тайлбар,  саналтай   хүмүүс

Хэрэв   төслийг  дэмжсэн,  эсэргүүцсэн,   төсөлд  санал  тайлбар  хийхийг  хүссэн  хүний  тоо тус  бүр  3-аас  илүү  бүртгэгдсэн бол  тэдгээр байр  суурьтай  хүмүүсийг   ээлжлэн  үг  хэлүүлнэ.

8.6.Оролцогчид  байр  сууриа  илэрхийлж  дууссаны  дараа  асуудал  оруулагч   талаас  шаардлагатай  гэж  үзвэл  оролцогчдод  болон  урилгаар  оролцож   буй  гэрч,  шинжээч,  төрийн  албан  хаагч,  судлаач,  бусад  зочдод  хандан   асуулт  тавьж  болно.

8.7.Асуулт,  хариулт  дууссаны  дараа   хэлэлцүүлэгт  оролцогчид болон  асуудал  оруулагчдын  зүгээс санал  дүгнэлт  хэлнэ.  Ингэхдээ   нэг  хүнд  нэг  минутын  хугацаа олгоно.

8.8.Хэлэлцүүлгийг  даргалагч хэлэлцүүлгийг   хааж  үг  хэлнэ.

8.9.Хэлэлцүүлэгт  оролцогч  зочин бүдүүлэг  үг  хэллэг  хэрэглэх,  бусдыг  доромжлох,  яриаг  таслах,   өмнөөс  нь  үг  хэлэх,  шүгэлдэх,  хөлөө  дэвсэх  зэргээр  бусдын  үгээ  чөлөөтэй хэлэхэд   нь  саад  учруулсан  үйлдэл   гаргавал   хэлэлцүүлэг  даргалагч дэг  баримтлахыг   шаардах бөгөөд  шаардлагыг үл  биелүүлвэл   иргэний  танхимын  ажлын  алба   болон зохицуулагчид  тухайн  оролцогчийг  танхимаас  гаргаж  болно.

Ес. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг  шийдвэрт тусгах

9.1.Иргэний танхимын   нээлттэй   хэлэлцүүлгийн  бүх  хэлбэрээр  санал авч дууссаны дараа төсөл  боловсруулсан  багийнхан  төслийн  эхийг   7 хоногт  багтаан   эцэслэн  боловсруулж  шийдвэр гаргагч, удирдах  албан  тушаалтанд  танилцуулна.

9.2 Ирүүлсэн  бүх  санал,  тухайн  саналууд  төсөлд  хэрхэн  туссан,  эс  туссаныг  тайлбарласан  танилцуулгыг  хавсарган,  төслийн   шинэчилсэн  хувилбарыг ирүүлнэ.

9.3.Энэ  журмын  9.2 дахь  заалтын  дагуу  боловсруулсан  төслийг  үндэслэн  аймгийн ИТХ, түүний  тэргүүлэгчид, Засаг даргын  гаргасан  шийдвэр, УИХ,  Засгийн  газарт  өргөн  мэдүүлэх  баримт   бичгийн шийдвэрийг     www.khovd-khural.mn    веб  сайтад  байрлуулна.

9.4. Иргэний танхимд төслийн талаар ирүүлсэн санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссан талаар хэлэлцүүлэгт асуудал оруулсан тал, Иргэний танхимийн төлөөллийн зөвлөлтэй хамтран иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлд тайлбарлах мэдээлэх үүргийг хүлээнэ.


Арав. Удирдлага,  санхүүжилт,  найдвартай  ажиллагаа

10.1.Иргэний танхимын  нээлттэй   хэлэлцүүлгийн   асуудлын  төлөвлөгөөг  жил  бүрийн   нэгдүгээр  улиралд   багтаан  холбогдох  байгууллага,  албан  тушаалтны  саналыг  авч  нэгтгэн  Иргэний  танхимын төлөөллийн зөвлөл  Засаг даргын  Тамгын  газартай хамтран  боловсруулж Засаг даргын  саналыг хавсарган аймгийн  ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж  батлуулна.

10.2.Цаг  үеийн  шаардлага,  иргэдийн   санал  хүсэлт,  аймгийн  нийгэм эдийн  засгийн  тулгамдсан  асуудлыг  шаардлагатай  үед нь  иргэний   танхимаар  нээлттэй  хэлэлцүүлэгт  оруулж  болно.

10.3.Хүүхэд,  залуучууд,  эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  зэрэг  нийгмийн  тодорхой  бүлгүүдийн  асуудлыг   Иргэний  танхимын  нээлттэй  хэлэлцүүлгээр  хэлэлцүүлж  болно.

10.4. Иргэний  танхимын  үйл ажиллагааг зохион  байгуулагч  нь ИТХ-ын   Иргэний  танхимын төлөөллийн зөвлөл,  түүний  ажлын  алба,  ажилтан  байна. Ажлын  алба  нь асуудал оруулагч  талын  албан  тушаалтантай  хамтран  нээлттэй  хэлэлцүүлгийг  олон  нийтэд  зарлах,  иргэдээс  санал,  мэдээлэл  хүлээж  авах,  хэлэлцүүлгийг  зохион  байгуулах,  хэвлэлээр  мэдээлж сурталчлах,  мэдээллийг  цуглуулж эмхтгэх,  саналыг  ангилж  багцлах,  хэлэлцүүлгийн  дүнг  нэгтгэн   тайлан   мэдээлэл  бэлтгэх  ажлыг  хариуцан   гүйцэтгэнэ.

10.5.Зөвлөл  нь  Иргэний  танхимын  үйл  ажиллагааг  зохицуулах ажлын  албыг   удирдлагаар  хангаж,  ажилд  нь  хяналт  үнэлгээ  хийх, жил, улирлаар   нийтийн  хэлэлцүүлэгийг төлөвлөж, төлөвлөсөн  асуудлын  хэлэлцүүлэгийн  чанар,  иргэд  болон   иргэний  нийгмийн  байгууллагын санал,  шийдвэрт  хэрхэн  тусгаж   байгаад  хяналт  тавьж  зохицуулна.

10.6.Нийгмийн  эрүүл мэнд,  аюулгүй  байдлыг  хамгаалах, цаг  үеийн нөхцөл   байдал зэрэг  онцгой   шаардлагын  улмаас Иргэний  танхимд  болох хэлэлцүүлгийг  ИТХ-ын   дарга,   Иргэний  танхимын төлөөллийн зөвлөл  цуцалж  болно.

10.7.Хойшлогдсон   хэлэлцүүлгийг  зохион  байгуулах  тухай  зарыг  энэхүү  журмын  дөрөвдүгээр  зүйлийн  дагуу   олон  нийтэд  мэдээлнэ.


2014-08-25 10:30

Loading comments ..

Сумдууд